Аялал жуулчлалын улиралтай холбогдуулан гадаадын иргэдийг гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлж, хэв журам сахиулах зорилгоор нийслэлийн зургаан дүүрэгт оюутан цагдаа ажиллаж эхэлсэн билээ. Тэгвэл тэд Сүхбаатар дүүргийн цагдаагийн I хэлтсийнхэнтэй хамтран өчигд өр Цус сэлбэлт судлалын үндэсний төвд цусаа бэлэглэх “1=3” нэг өдрийн аян зохион байгууллаа. Нэг хүний бэлэглэсэн цус гурван хүний амийг аврах боломжтой тул аянаа ийн нэрлэжээ. Энэхүү сайн үйлсийн аянд нийслэлийн зургаан дүүрэгт үүрэг гүйцэтгэж байгаа 84 оюутан цагдаа нэгдсэн байна.
Манай улсад цус, цусан бүтээгдэхүүний нөөц хангалтгүй байдаг учир оюутан цагдаа нар жил бүр цусаа бэлэглэж байхаар төлөвлөсөн аж. Оюутан цагдаа нараас гадна Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн алба хаагч 100 орчим хүн хамрагдана гэж тооцоолсон боловч зарим хүн шаардлага хангаагүй учир хандивлагчдын тоо цөөрч байгаа тухай аян зохион байгуулагчид ярьж байв. Учир нь цус хандивлах гэж буй иргэн сүүлийн зургаан сард шүдээ авахуулаагүй, харшлын эм уугаагүй, өмнөх өдөр нь өөх тостой хүнс, сүүлийн гурав хоногт согтууруулах ундаа хэрэглээгүй байх ёстой гэнэ.
Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн оюутан цагдаа Х.Мягмарсүрэн “Бид Сүхбаатар дүүрэгт “Оюуны манлайлал оюутан цагдаа” хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд цус бэлэглэх аян зохион байгууллаа. Үүнд залуус идэвхтэй оролцож байна. Цагдаа ах, эгч нар ч мөн ирсэн. Өөртөө байгаа зүйлээр бага ч гэсэн хандив өгөх нь олон хүний амийг аврах боломж бүрддэг гэдгийг залууст ойлгуулж, хүмүүнлэгийн үйлсэд уриалан дуудах зорилготой аян” гэж ярив. Дашрамд дурдахад, Цус сэлбэлт, судлалын үндэсний төвийн судалгаагаар 2012 онд 20800 донороос цус цуглуулж байсан бол үүнээс хойш цусаа хандивлах иргэдийн тоо жил бүр нэмэгдэж байгаа аж.