Уул уурхайн сайд Р.Жигжид, дэд сайд Г.Тэмүүлэн, төрийн нарийн бичгийн дарга Д.Артаг болон тус яамны хэлстийн дарга нар энэ оны эхний хагас жилд хийсэн ажлынхаа талаар өчигдөр мэдээлэл өглөө.
Үүнээс олон нийтийн анхаарлын төвд байгаа зарим мэдээллийг онцлон хүргэе. 3.6 ТН АЛТ ОЛБОРЛОВ Энэ оны эхний зургаан сарын байдлаар нүүрс 11.4 сая, алт 3.6, газрын тос 525.4 мянган тн-ыг тус тус олборложээ. Харин хайлуур жоншны баяжмал 107.5, зэсийн баяжмал 592.3 мянган тн, төмрийн хүдрийн баяжмал 2.1 сая тн, цайрын баяжмал 45.4 мянган тн-ыг тус бүр үйлдвэрлээд байгаа аж.
Мөн Засгийн газрын 239 дүгээр тогтоолоор газар нутгийн 19.9 хувь буюу 31.1 сая га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн. Үүнээс өргөдлөөр 20.9 сая га, сонгон шалгаруулалтаар 10.2 сая га талбай олгожээ. Өнгөрсөн нэгдүгээр сарын 26-наас өдий хүртэл 1094 өргөдөл хүлээн авч, хянан шийдвэрлэснээс 404-т нь тусгай зөвшөөрөл өгчээ.
“АРЕВА МАЙНС” КОМПАНИ АШИГЛАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ БЭЛТГЭЛЭЭ ЭХЭЛСЭН
Монгол, Чехийн хамтарсан “Мон Чех Ураниум” ХХК-ийг байгуулан ажиллаж байна. Хувьцааны 51 хувийг Монголын тал хуулийн дагуу эзэмшинэ. Мөн Францын хөрөнгө оруулалттай “Кожеговь” ХХК-д Дорноговь аймгийн Улаанбадрах суманд орших Дулаан-Уул, Зөөвч овоогийн ордуудад цацраг идэвхт ашигт малтмал ашиглах ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон.
Ингэснээс Монголын “Мон-Атом”, Францын “Арева”, Японы “Мицүбиши” зэрэг компанийн оролцоо бүхий “Арева Майнс” хамтарсан компани ашиглалтын үйл ажиллагаа явуулах бэлтгэл ажлаа эхэлсэн. Орд ашиглах гэрээгээ байгуулах ёстой. Гэрээ, хамтарсан компанийн дүрэм бэлэн болсны дараа үйл ажиллагааг нь эхлүүлэх зөвшөөрөл олгоно.
ЭРДЭС БАЯЛГИЙН БИРЖ БАЙГУУЛАХ НЬ ХАМГИЙН ЧУХАЛ
Эрдэс баялгийн бирж байгуулах нь маш чухал асуудал. Олон улсын металлын биржид үнэ нь тогтоогдоогүй ашигт малтмалыг ямар үнэд суурилж татвар авах вэ гэдэг түвэгтэй. Нүүрс, төмрийн хүдэрт улсаас жишиг үнэ тогтоодог. Гэтэл аж ахуйн нэгж хоорондын гэрээний үнэ гэж бий. Үүнээс болж үүссэн зөрчлийг арилгахад бирж чухал үүрэгтэй. Эрдэс баялгийн биржийн тухай хуулийн төсөл боловсруулж байна.
Засгийн газраас бирж байгуулах ажлыг яаравчлах чиглэл өгсөн гэв. Хурлын дараа Уул уурхайн сайд Р.Жигжидээс Ноён уулнаас нинжа нар алт олборлож буй нь үнэн, эсэх үүнд яамны зүгээс яаж анхаарч байгааг тодруулахад “Орон нутгийн Засаг даргатай нь холбогдож асуусан. “Сентерра гоулд” компанийн талбай руу хууль бус алт олборлогчид орсон юм билээ. Гэхдээ орон нутгийн цагдаагийн байгууллагынхан, байгаль хамгаалагчид нинжа нарын хууль бус ажиллагааг зогсоосон гэж байна лээ. Бид энэ асуудалд анхаарал хандуулж байгаа” гэлээ.