70 сая төгрөгийн өртгөөр байгуулсан хэмээн шүүмжлэл дагуулаад буй Арслантай гүүрний усан хөшигийн талаарх мэдээлэл олон нийтийн цахим сүлжээнд онцлох сэдэв болоод буй. Харин өнөөдөр болсон Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаанаар Улаанбаатар хотын ерөнхий менежер Б.Бадрал энэ талаар албан ёсны тайлбар хийлээ.
Усан хөшиг нь Арслантай гүүр орчимд хийхээр төлөвлөсөн бичил цэцэрлэгт хүрээлэнгийн нэг хэсэг бөгөөд тохижилтын ажил аж. Цахим ертөнцөд шүүмжлэл дагуулаад буй 70.18 сая төгрөгийн төсөв нь уг бичил цэцэрлэгт хүрээлэнгийн нийт төсвийн дүн бөгөөд усан хөшигт 22.1 сая төгрөг зарцуулсан хэмээн нийслэлийн ерөнхий менежер мэдэгдлээ.
Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, “Бид Арслантай гүүрээс гадна, Туул, Яармагийн гүүрэнд ийм төрлийн усан байгууламж хийхээр төлөвлөж байгаа. Хотын иргэдэд чөлөөт цагаа өнгөрөөх, амрах, тухлах газар хэрэгцээтэй байна. Иргэдийн амрах, тухтай байх нөхцөлийг бүрдүүлэхээр Монгол инженерүүдийн хийж байгаа энэ ажлыг зохион байгуулалттайгаар гутаан доромжлох гэсэн хандлага үнэхээр утгагүй зүйл. Тиймээс хотын зүгээс цаашид ашиглалтын шаардлага бүрэн хангасан сүүлийн үеийн технологи бүхий усан оргилууруудыг нийслэлд олноор хийнэ” гэв.