БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол Хан-Уул дүүргийн 4, 11 дүгээр хороонд 1960 оноос хойш амьдарч буй 300 гаруй иргэнд газар ашиглах эрхийн гэрчилгээ олголоо. Уг гэрчилгээ нь таван жилийн хугацаатай бөгөөд газрын ямар нэгэн зөрчилгүй иргэн л авах ёстой аж. Тухайн хэсэгт 800 гаруй өрх амьдардаг ч газрын гэрчилгээгээ авч чадаагүй иргэдийн хувьд инженерийн шугам сүлжээ бүхий дэд бүтэцтэй газарт буусан, нийтийн эзэмшлийн барилг байшингийн орц, гарц тагласан, газрын маргаан нь шүүхэд очсон зэрэг зөрчилтэй байгаа гэнэ.
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд өмнө нь Халдвартын клиник, Сүрьеэ, Хорих ангиудын эмнэлэг байсан учраас хөрсний бохирдол дээд цэгтээ хүрч, ойр орчимд нь айл буудаггүй байсан юм. Энэ тухай Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Засаг дарга С.Түвшинжаргалаас тодруулаа.
-Эмнэлгийн хог хаягдал булсан хэсэгт одоо орон сууц баригдаж, айлууд амьдарч байгаа юу?
-Манай хороонд Халдварт, Сүрьеэ, Хорих ангиудын эмнэлэг байсан. Тухайн үед тэдгээр эмнэлгийн бохир хальж хөрс ихээр бохирдсон. Харин одоо “Жигүүр гранд” группийн орон сууц баригдаж, айлууд амьдардаг. Тэр орон сууцыг баригдахаас өмнө ойр орчимд нь амьдарч байсан 15 хүүхэд халдварт шар өвчин туссан. Тэгээд шороонд нь шинжилгээ хийлгэж үзэхэд нянгийн агууламж өндөр, хар тугалга байх ёстой хэмжээнээсээ хэд дахин хэтэрсэн, хүний эрүүл мэндэд ихээхэн хортой гэсэн дүгнэлт гарч байсан. Түүнээс хойш дахин шинжлээгүй, орон сууцны айлууд зүгээр л амьдарч байна. Ер нь хотын бүхий л хөрс бохирдсон шүү дээ.
Тус хороонд амьдардаг иргэд ч ийм хариулт өгч байлаа. Хөрсний бохирдол дээд хэмжээндээ хүрсэн ч иргэдэд газар нь хэрэгтэй. Тиймээс газрын зөрчилтэй иргэд асуудлаа хурдан шийдэж, газар ашиглах эрхийн гэрчилгээ авахыг хүсэж буйгаа хэлсэн юм.