Монгол инженерүүдийн бүтээсэн усан хөшигний нээлт өнгөрсөн долоо хоногт болсон. Хөрсний усны нөөцийг ашиглан, усны зардал гаргахгүйгээр тооцож, Арслантай гүүрэнд хийсэн байгууламжийг иргэд нийслэлийн удирдлагуудын хүссэн шиг баярлаж бус шүүмжлэлтэйгээр хүлээж авсан.
Олон нийтийн сүлжээгээр “Үр ашиггүй зардал. Гурван сая төгр өг өөр хийх ажил” зэргээр бичиж, зарим нь “БНСУ-ын Хан мөрнийх шиг хийх байсан” хэмээсэн бол өөр нэг нь ажил дуусаагүй байхад иргэдэд сайхан харагдах гэж нээлт хийсэн ч гэх. Тэгвэл өчигдөр нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаанаар Улаанбаатар хотын ерөнхий менежер Б.Бадрал тайлбар хийлээ. Арслантай гүүр орчим бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөсний нэг бүтээн байгуулалт болох уг усан байгууламжид нийт 70.18 сая төгрөг зарцуулжээ. Үүнээс зураг төсөл, судалгаанд дөрвөн сая, цахилгаанд 5.5, гадна гэрэлтүүлэгт зургаа, газар шороо, тохижилт, сэргээн засварлалтад 13.6, усан хөшигний байгууламжид 22.1, нэмэлт зардал, ашигт 10.8 сая, захиалагчийн хяналт, магадлашгүй ажилд 2.3, НӨАТ-т 5.8 сая төгрөг зарцуулсан гэнэ.
Зөвхөн цахилгаан хангамжийн асуудлыг нь шийдэхийн тулд авто зам доогуур 1.5 м гүн, 16 м урт нүх ухаж цахилгаан дамжуулах хоолой байрлуулсан аж. Түүнчлэн хоолойгоор дамжин гарах усыг шүүж, цэвэршүүлэх шүүлтүүр хийжээ. Уг усан байгууламжийг сайжруулах техник угсралтын ажил үргэлжилж байгаа бөгөөд эвдэрсэн, гэмтсэн зүйл байхгүй гэнэ. Энэ үеэр нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Усны урсгалыг харах, чимээг сонсох нь хүний сэтгэл зүйлд сайнаар нөлөөлж, амралт болдог.
Бид Арслантай гүүрээс гадна, Туул, Яармагийн гүүрэнд ийм төрлийн усан байгууламж хийхээр төлөвлөсөн. Иргэдийн амрах, ая тухтай нөхцөлийг бүрдүүлэхээр Монгол инженерүүдийн хийсэн энэ ажлыг зохион байгуулалттайгаар гутаан доромжлох гэсэн хандлага утгагүй зүйл. Тиймээс хотын зүгээс цаашид ашиглалтын шаардлага бүрэн хангасан сүүлийн үеийн технологи бүхий усан оргилуурыг нийслэлд олноор хийнэ” гэж ярив. Өнөөдрийг хүртэл нийслэлийн ЗДТГ болон Захирагчийн ажлын албанд тус гүүрэнд хийсэн усан байгууламжтай холбоотой албан ёсны гомдол, санал иргэдээс ирээгүй гэнэ.