Хоёр орчим жилийн өмнөөс нийслэлийн хөл хөдөлгөөн ихтэй автобусны буудлын дэргэд явган хүн явахад зориулан, гүүрэн гарц барьж эхэлсэн. Энэ хугацаанд нийт дөрвөн гүүрэн гарц барьсан бөгөөд дөрөв дэх нь н 19-ийн автобусны буудлынх. Гэвч тус гүүрийг Улсын комисс хүлээж аваагүй гэх мэдээлэл байгаа юм. Энэ талаар нийслэлийн Авто замын газрын Зам, барилгын хяналтын хэлтсийн мэргэжилтэн Ч.Батсайханаас тодруулахад “Гүүрэн гарцыг Улсын комисс долдугаар сарын 27-нд хүлээж авсан. “Бөмбөгөр” худалдааны төвийн ойролцоох гүүрэн гарцыг барьсан “Ди Вай Кэй Би” компани энэ гүүрэн дээр ажилласан. Нийслэлийн орон нутгийг хөгжүүлэх сангийн 990 гаруй сая төгрөгөөр барьсан. Бусад гүүрийг бодвол урт буюу 40 метр гүүр. Бөмбөгөрийнх гэхэд 25 метр. Сүүлийн үеийн технологиор барьсан учраас үнэтэй болсон. Овор хэмжээ, урт, чанартай нь харьцуулбал тийм ч үнэтэй биш” гэлээ.