Умард Солонгост хулгайлагдсан япончуудын талаарх сунжирсан асуудлыг шийдвэрлэхэд туслахыг Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн тусгай төлөөлөгч Монголоос хүслээ.
Японы Либерал ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга асан Цүтомү Такэбэ Ерөнхий сайд Абэгийн захидлыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид дамжуулан өгсөн юм. Уг захидалд, “Умард Солонгостой холбоотой асуудлууд, тэдгээрийн дотор 1970-1980 онд Пхеньянд хулгайлагдсан япончууд болон цөмийн ба пуужингийн хөтөлбөрийн талаарх асуудлуудыг шийдвэрлэхийг Япон улс чин сэтгэлээсээ хүсч байна” гэжээ.
Пхеньянтай хэлэлцээ хийхийн тулд Улаанбаатартай хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийг Токио хүсч байна. Учир нь Япон Умард Солонгостой дипломат харилцаа тогтоогоогүй юм. Харин Монгол нь Умард Солонгостой дипломат харилцаатай улс билээ.
Такэбэгийн хэлснээр, эдгээр асуудлыг шийдвэрлэхэд туслахын тулд Умард Солонгостой харилцаагаа илүү нягт болгохоо Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлээд, Абэг Монголд айлчлахыг урьсан байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч энэ долоо хоногийн лхагва гарагт Улаанбаатар хотноо “Kyodo” болон бусад хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгөхдөө, “Миний төлөөлөгч энэ сарын эхээр Умард Солонгост айлчилсан. Хулгайлагдсан иргэдийн талаарх асуудлыг урагшлуулах талаарх “тусгай санал” бүхий захидлыг тэрбээр Умард Солонгосын удирдагч Ким Жөн Унд дамжуулан өгсөн” гэсэн юм.
Монголд анхны ардчилсан, чөлөөт сонгууль явуулсны 25 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан ёслолд Такэбэ Ерөнхий сайд Абэг төлөөлөн оролцсон билээ.