“Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн хашаагаар ормогц урьд шөнө орсон борооны чийг, модод, цэцэгсийн анхилам үнэр ханхийж, явган хүний зам нь гурван давхар саарал байшин, түүний өмнө сүндэрлэх хөшөөг чиглүүллээ. Удирдаачийн заавраар үлээвэр хөгжимчид ёслолын арга хэмжээнд тоглох аяа бэлдэн, бөмбөр нүдэж, бүрээ үлээх нь орчноо сэрээх мэт. Монгол Улсад төмөр замын тээвэр үүсэж хөгжсөний 77 жил, Монгол, Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам” байгуулагдсаны 66 жилийн ойн баярын ёслолын ажиллагаа өнгөрөгч баасан гаригт ийн эхэллээ.
Мөнгөн “хяруу” үсэнд нь сорлосон ахмад ажилчид, зочид, төлөөлөгчид бие биетэйгээ хөөрөлдөнө, төд удалгүй ёслолын хувцас өмссөн хоёр харуул улаан, шар өнгийн цэцэгсээр хэлхсэн том баглааг хүндэтгэлтэйгээр Н.Цэрэнноров агсны хөшөөнд өргөв. УБТЗ-ын дарга Л.Пүрэвбаатар “Монголд анхны галт тэрэг 1938 онд “Хонхор” өртөөнөөс Налайхын уурхайн зүг хөдөлснөөр төмөр замын салбар үүссэн гэж үздэг.
Наймдугаар сарын 1-нд (өнгөрсөн бямба гариг) төмөр замчдын баяр Хонхор өртөөнд уламжлал ёсоор болно. Н.Цэрэнноров бол УБТЗыг 1962-1986 онд буюу 24 жил удирдаж байсан хүндтэй хүн юм” гэж ярив. УБТЗ-ын ахмад ажилчин Б.Тэгшсүрэн “Бидний дарга Н.Цэрэнноров гуай даруу төлөв, сайн удирдагч байсан. Олон ч жил даргаар ажилласан даа.
Энд ирж, түүний хөшөөнд хүндэтгэл үзүүлсэндээ таатай байна” гэлээ. Монгол Улсын төмөр замын түүхээс сөхвөл, 1938 онд Улаанбаатар-Налайхын хооронд анх нарийн төмөр зам тавьж, уурын галт тэрэг явж эхэлжээ. Ингэснээр нийслэлийн үйлдвэр, аж ахуйн газрууд, байгууллага, хүн амын хэрэгцээнд нүүрс нийлүүлж эхэлсэн түүхтэй. Өнгөрсөн зууны гучаад оны сүүлчээр манай улсын дорнод хязгаарт цэргийн зориулалттай төмөр зам баригджээ.
Энэ нь одоогийн Эрээнцав-Баянтүмэнгийн төмөр зам юм. Уг төмөр зам Халх голын байлдаанд стратегийн чухал үүрэг гүйцэтгэсэн гэж үздэг. Дашрамд дурдахад, УБТЗ-ын хамт олон 2015 оны долдугаар сарын байдлаар 540 сая тонн ачаа тээвэрлэж, 124 сая зорчигчдод үйлчилжээ.