Тажикстаны Ерөнхий прокурор Юсуф Рахмон энэ сарын 1-нд Душанбе хотноо мэдэгдэл хийж, тус улсын 100 гаруй иргэн “Исламын улс” бүлэглэлийн эгнээнд тулалдан, амь насаа алдсан хэмээн мэдээллээ. Одоогийн байдлаар 200 тажик иргэн Сири, Иракт байлдаж буй бөгөөд тэдний дунд 30-40 эмэгтэй гэр бүлийн хамт байгаа нь тогтоогдсон гэнэ.
Ерөнхий прокурор тэднийг гартаа зэвсэг барин байлдаагүй бол эх орондоо харьж ирэхэд нь үр хүүхдийнх нь хамт өршөөл үзүүлж, шийтгэхгүй хэмээн амлалаа. “Исламын улс” бүлэглэлийн талд цэргийн сургууль хийж буй казах хүүхдүүдийн зураг 2014 онд интернэтээр тарсан бол энэ жилийн долдугаар сард Кыргызийн нийслэл Бишкек хотод тус бүлгийн алан хядагчид ОХУ-ын цэргийн баазад халдлага хийх гэж байгаад баривчлагдсан.
Энэ бүхнээс харахад Төв Азийн улсууд “Исламын улс”-ын хараанд хэдийнэ өртс өн нь мэдэгдэж байна. “Исламын улс” гэхээр л алс хол Араб, Ойрхи Дорнод мэт санагддаг байсан цаг өнгөрч, хажууханд хана тогшиж эхэллээ. Тус бүлэглэлийн сурталчлагчид хойд хөрш ОХУ-д ч үйл ажиллагаагаа идэвхжүүлж, цэрэг дайчид элсүүлэх болов.
“Исламын улс”- ын талд элсэгчдийн дунд орон нутагтаа од болж явсан хүмүүс ч цөөнгүй. Казахстаны “Акжайык” хөлбөмбөгийн багийн ахлагч Айбек Губайдуллин Сирид байлдаж байгаа бол Тажикстаны тусгай ангийн хурандаа, мэргэн бууч Гулмурод Халимов мөн “Исламын улс”-д хүчин зүтгэж байна. Кыргызээс олны танил алдартан хил даваагүй байгаа ч 49 гэр бүл дайн болж байгаа газарт нүүн очсон мэдээ бий.
Зарим эх сурвалжийн мэдээгээр “Исламын улс”-ын талд Төв Азийн улсуудаас 1400 орчим хүн байлдаж байгаагийн 500 нь узбекистанчууд гэнэ. Мөн Туркменистаны 360, Кыргызийн 352, Тажикстаны 200, Казахстаны 150 иргэн Ирак, Сирид тулалдаж явна. Эдгээр иргэдийн ихэнх нь ОХУ, Афганистанаар дамжин, дайн болж буй газарт очсон нь ОХУ алан хядагчдын дамжин өнгөрөх гол цэг болж байгааг илтгэж байна.
Казахстаны “Казахский жамаат”, “Хуучин Туркестан”, Узбекистаны “Жамаат Имам Бухари”, “Узбекистаны лалын хөдөлгөөн”, ОХУ-ын Чечень, Дагестаны “Жамаат Сайфулла Шишани” алан хядагч бүлэглэлүүд “Исламын улс”-ын талд орохоо илэрхийлээд байгаа юм.
“Исламын улс” бүлэглэл Афганистанд нөл өөг өө бэхжүүлж, зарим мужаас “Талибан” хөдөлг өөнийг шахан гаргаж байгаа бөгөөд Хятадын Шинжаан, Энэтхэгийн Кашмир мужийг эзлэх хэмээн зорилгоо тодорхойлсон тул Төв Ази удахгүй дайны хөлд дарагдаж болзошгүй гэж шинжээчид үзэж байна. “Исламын улс” бүлэглэлийн ухуулга сурталчилгаа сүүлийн үед эрс нэмэгдсэн, Төв Азийг ихэд сонирхох болсон зэргээс үзэхэд алан хядагчид хаяанд хэдийнэ хүрээд ирсэн нь илт боллоо.