Хуш модны самрын болц бүрэн гүйцээгүй байхад иргэд зөвшөөрөлгүй самар түүж, борлуулснаас халдварт шар өвчин нэмэгдэж буй. Энэ талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, аялал жуулчлал, геологи уул уурхайн хэлтсийн улсын ахлах байцаагч Д.Батзоригоос тодрууллаа.
-Түүхий самар борлуулснаас болж, иргэд эрүүл мэндээрээ хохирч байна. Самрын болц хэдийд гүйцдэг вэ?
-Энэ жил самрын ургац гайгүй байна. Гэхдээ хуш модны самрын болц аравдугаар сарын 15-наас бүрэн гүйцдэг. Гэтэл иргэд самар бүрэн боловсроогүй байхад түүхийгээр нь түүж, борлуулдаг. Уулнаас гар аргаар түүсэн самар идсэнээс болж иргэд эрүүл мэндээрээ хохирч байна. Самар бүрэн болоогүй байхад модноос түүж, унагах нь байгаль орчинд ч сөрөг нөлөөтэй. Түүнчлэн хуурайшилт ихтэй үед түймэр гарч магадгүй.
-Уулнаас самар түүгээд, борлуулж байгаа хүмүүст ямар арга хэмжээ авах вэ?
-Түүсэн самрыг нь хурааж, 960 мянган төгрөгөөр торгоно. Гэхдээ одоохондоо шалгалт эхлээгүй байна. Түүхий самар борлуулж байгаа иргэдийг дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсээс шалгадаг. Самар түүх ёстой хугацааг нь заагаад өгчихсөн байхад заавал түүхий самар түүж, өөрийгөө болон бусдыг хохироох хэрэггүй.
-Самар түүх зөвшөөрлийг болц нь гүйцсэн үед л олгодог уу. Нэг иргэнд хэдэн кг самар түүхийг зөвшөөрдөг вэ ?
-Тэгнэ. Зөвшөөрлийг орон нутгийн Ойн ангиар дамжуулж олгох бөгөөд нэг иргэнд 25 кг самар түүх зөвшөөрөл өгдөг. Нэг кг самар түүх эрхийг 500 төгрөгөөр олгодог. Зөвшөөрөл нь 10 хоногийн хүчинтэй байх юм.