Сонгинохайрхан дүүргийн VIII хороо буюу Баянхошууны эцэст гэр хорооллын дунд оршдог Гүнжийн нүдэн нуур сүүлийн өдрүүдэд орсон ширүүн, усархаг борооны улмаас хальж, ойр орчимдоо шавар, шалбааг үүсгэжээ.
Нуураас хальсан ус хавь ойрын гэр хорооллын айлуудын жорлонгийн бохиртой нийлж гудамжаас гудамж дамжин газрын уруу төв зам руугаа горхи болон урсаж иргэдийг ихээхэн бухимдуулаад байгаа аж. Бид энэхүү мэдээллийн дагуу сурвалжлага бэлтгэлээ.
Гүнжийн нүдэн нуур орчмын 2.2 га газрыг БОНХАЖЯны захиалгаар, нийслэлээс гаргасан 440 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Гуулин тал” ХХК тохижуулж, явган хүний зам, хүүхдийн тоглоомын талбай, биеийн тамирын хэрэгслүүд, сагсны талбай, модон гүүр хийжээ.
Мөн нарлах саравч, хогийн сав, сандал, гэрлийн шон хэд хэдийг суурилуулсан бөгөөд тойруулан ногоон хашаа барьсан аж. Хүүхдүүдээ нарлуулан суугаа ээжүүд, тоглоомын талбайд гүйлдэх багачууд, сагс тоглон орилолдох өсвөр насныхан нуурынхаа тохилог орчинд дуртай. Г
эвч бороо их орж, Гүнжийн нүдэн нуур хальснаар юун нарлаж суух, тоглохтой манатай болжээ. Энэ талаар оршин суугч О.Сүхбаатар “Би энэ нуурын ойролцоо 30- аад жил амьдарч байна. Энэ тохижилтыг хийсэн хүмүүс анх 2013 оны өвөл ирж нуурын хэмжилт хийхэд нь би “Дулаараад мөсийг нь хайлахаар хэмжээгээ сайн ав аа. Одоо наад нуур чинь хөлдөөд бодит хэмжээ болж чадахгүй” гэхэд тоогоогүй. Одоо ингээд халиад намаг, шалбааг болж байна. Өнөөдөр нар гараад гайгүй болж байгаа нь энэ. Орчныг нь сайхан тохижуулсан ч хальсан ус нь замаа сүйтгээд, харуул, манаачгүй болохоор хийсэн зүйлийг нь зарим нэг “этгээд” эвдэлж, хэмхлээд, хулгайлаад зарж байна” гэв.
Гудамжаар явах машинууд, татсан шуудуу, урсах уснаас болж муур адил мяраах аж. Жолооч Б.Энхболор “Өчигдөр зам товчилж гудамжаар явахад бүр их ус урсаж байсан. Энэ уснаас болоод замын хөрс эвдрээд байх шиг байна. Машиныхаа гуперийг хагалах дөхсөн. Жижиг машин байтугай микро явахад ч хэцүү болсон байна лээ” гэж халаглав. Сонгинохайрхан дүүргийн VIII хорооны Засаг дарга Х.Энхтуяа эмнэлэгт хэвтсэн учир түүнээс энэ талаар утсаар тодруулахад “Байгаль өөрөө давагдашгүй хүчин зүйл.
Бороо ороход нуурын усны түвшин нэмэгдэж хальдаг. Орчны тохижилтыг хийх үед халих усыг бодолцон, суваг гаргахаар шийдсэн. Хэрвээ тэгээгүй бол ойр орчмын айлууд нь тэр чигтээ усанд автаж, их хэмжээний хохирол амсахаар байсан. Тийм болохоор нуурын ус халихаараа хаагуур урсдагийг мэддэг оршин суугчидтай зөвлөлдөөд, газрын уруу байрладаг гудамжаар хаялга, шуудуу гаргасан. Үүгээр урссан ус төв замын доогуур урсах хоолойд хүрэх ёстой юм.
Энэ хоолой Баянхошууны 25 дугаар гудамжны яг урд байдаг. Гэсэн ч хоёр айл шинээр буухдаа голдирлыг нь өөрчилснөөр ус төв зам руугаа урсчихсан юм билээ” гэлээ. “Гүнжийн нүдэн нуур” ТББын тэргүүн Ж.Хашчулуунтай холбогдоход “Өнгөрсөн Хүүхдийн баяраар хорооноос албан ёсоор нуурыг харж хамгаалах эрхийг бидэнд өгсөн.
Одоохондоо салсан хашааг янзалж, хог шороог нь түүхээс өөр дорвитой хийсэн зүйлгүй л байна. Наадам, амралт таараад хүмүүстэй уулзаж, ярилцсангүй. Удахгүй манаачтай болгоно. Өөрсдөөсөө хөрөнгө, мөнгө гаргадаг болохоор хэцүү юм” хэмээн учирласан. Харин тус тохижилтыг хийсэн “Гуулин тал” ХХК-ийн захиралтай холбоо барих гэсэн боловч утас нь холбогдсонгүй.