Нэг жилийн өмнөө осолдсон, Малайз улсын иргэний агаарын тээврийн “Боинг-777” MH370 онгоцны хэсэг олдсон талаар гадаадын хэвлэлүүд мэдээлж байна. Өнгөрсөн ням гаригийн орой Энэтхэгийн далайд орших Франц улсын Реюньон арлын эрэг дагуугаас тус онгоцны зарим эд анги олдсон. Энэ нь урд хаалганы эвхэгддэг дотор хэсэг гэж мэдэгдсэн ч олон сар далайн усанд байсны улмаас ямар нэг бичиг, таних тэмдэг гэх зүйл үлдээгүй талаар BBC агентлаг мэдээллээ.
Үүнийг алга болсон онгоцны далавчны хэсгийн хаалга буюу аврах хаалганы хэсэг ч гэж зарим хэвлэл бичиж байгаа. Өнгөрсөн онд ор сураггүй алга болсон энэхүү онгоц тухайн үед 239 хүн тээвэрлэж явсанаас дийлэнх нь БНХАУ-ын жуулчид байсан билээ. Мөн тэдний ар гэрийнхэн Малайз улсын агаарын тээврийн компаниас одоог хүртэл хариу тайлбар, ослын талаар ямар нэг мэдээлэл олж өгөхийг шаардсаар байгаа.
Хэрэв шинжээчид энэхүү онгоцны хэсэг гэж албан ёсоор батлах юм бол онгоц тухайн үед Бээжинг биш Энэтхэгийн далайг чиглэсэн өөр нэг шалтгааныг тодруулах хэрэгтэй гэж хохирогчдын ар гэрийнхэн үзжээ. Малайз улсын албаныхан олсон хэсгийг Франц улс руу шинжилгээнд илгээсэн бөгөөд энэ долоо хоногт багтан яаралтай хариу ирүүлэх гэнэ. Учир нь Реюньон арал Францын эзэмшлийн газар нутагт хамаардаг байна. Олдсон гэх дээрх хэсгүүдтэй хамт төмрийн болон хаягдал хэлтэрхийнүүд байсан ч онгоцны хэсэг биш гэж шинжээчид үзэж байна.
Өмнө нь олон арван сая ам.доллар зарцуулан эрэл хайгуулын ажлыг бүтэн зургаан сар гаруйн хугацаанд хийсэн ч тоймтой үр дүнд хүрээгүй. Энэтхэгийн далайд орших Реюньон арлаас олдсон эдгээр онгоцны хэлтэрхий бүрийг нарийн судалгаагаар шинжлэх ажилд Хятадын зүгээс албаны хүмүүсээ илгээх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Мөн арлын зүүн хойд хэсэгт байрлах Андре болон хойд хэсгийн Дэнис хэсгээс онгоцны хоёр хэлтэрхий олдсон нь олны анхаарлыг татлаа.
Малайз улсын Иргэний агаарын тээврийн газрын дарга Азхаруддин Абдул Рахман хэвлэлийн бага хурал зарлан “Би хэвлэлүүдээр гарсан мэдээ мэдээллийг харсан. Онгоцны хэлтэрхийг арал дээр ажиллаж байгаа хүмүүсийн гэрэл зураг, баримтад тулгуурлан дүгнэхэд дотор хаалганы хэсэг гэж тодотгомоор байна” гэжээ. Одоогоор тодорхой байгаа зүйл гэвэл ослын үед хэрэглэдэг аврах хаалганы улаан бариул мушгирсан байдалтай олдсон.
Малайз улсын Тээврийн сайдын мэдээлж байгаагаар Энэтхэгийн далайд орших Францын Реюньон арлын эргэн тойронд илүү нарийн судалгаа, шинжилгээ явуулах хэрэгтэй аж. Ямартай ч нийт 29 орны аврах багийн гишүүд оролцсон эрэл хайгуулын ажил цаашид үргэлжилж магадгүй болоод байна. Франц улсын цэргийн агаарын тээврийн шинжээчид хэлтэрхийг шалгаж дуусмагц дэлгэрэнгүй мэдээлэл өгөх гэнэ.