Өнгөрсөн долоо хоногоос нийслэлийн иргэд автобусанд карт уншуулан зорчиж эхэлсэнтэй холбоотойгоор “Улаанбаатар смарт карт” компанийн маркетингийн менежер Ц.Түвшинжаргалаас зарим зүйлийг тодрууллаа.
-Карт борлуулах хэчнээн цэг үйл ажиллагаа явуулж байна вэ?
-Одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд сонин борлуулах цэг болон “Well mart” сүлжээ дэлгүүр, автобусны буудлын ТҮЦ, дэлгүүрүүдэд карт борлуулах 270 орчим цэг ажиллаж байна. Эдгээрийг хүн их зорчдог буудлуудад байршуулсан. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Улаанбаатар смарт карт гэсэн фэйсбүүк хуудаснаас авч болно.
-Иргэд “Карт борлуулах цэгүүд ажиллахгүй, карт нь дуусчихсан байна” гэж гомдоллож байна. Энэ үнэн үү?
-Ийм асуудал гарч байгааг үгүйсгэхгүй. Карт дууссан гэсэн мэдээлэл авсан даруйдаа манай байгууллага аль болох шуурхай хүргэж байгаа. Тухайн карт борлуулах цэгийн ажилтан картынхаа орлогыг тушааж байж дахин картаа авах юм. Үүнээс болж ийм асуудал гарч байгаа. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн карт эздэдээ бараг хүрсэн. Учир нь бид нийслэлийн Нийгмийн халамж үйлчилгээний газарт ахмад настан, хөдөлмөрийн бэрхшээлтэй иргэдийн тоогоор карт өгсөн. Тэд түгээж байгаа. Ахмадуудын 70 орчим хувь нь картаа авсан.
-Карт худалдан авах, цэнэглэхэд шимтгэл авч байгаа гэсэн. Энэ нь ямар учиртай юм бэ?
-Үйлчлүүлэгч картаа 3600 төгрөгөөр авна. Харин цэнэглэж буй мөнгөн дүнгээсээ хамаарч тодорхой хэмжээний шимтгэл төлнө. Тухайлбал, 500-10.000 төгрөгөөр цэнэглүүлбэл 50 төгрөг, 10-50 мянган төгрөгөөр бол 100 төгрөг, 50-90 мянгаар цэнэглүүлэх тохиолдолд 200 төгрөг авах юм. Энэ мөнгөөр карт борлуулах цэгийн ажилтнуудыг цалинжуулна.
-Автобусанд бэлэн мөнгө төлж байгаа иргэд 500-гаас илүү төгрөг өгнө гэсэн үү?
-Нийслэлээс холбогдох шийдвэр гарна. Энэ шийдвэр гарсны дараа яг хэдэн төгрөгөөр нэмэгдэх нь тодорхой болно. Төлбөр нэмэгдэх нь тодорхой. Зорилго нь иргэдийг карттай болгоход чиглэж байна.
-Нэг автобуснаас нөгөөд дамжин суухад хөнгөлөлт эдлэх үү?
-Энэ сарын 15-наас хийх үндсэн гурван ажил бий. Нэгдүгээрт, автобусны одоо явж байгаа маршрутыг өөрчилнө. Хоёрдугаарт, тарифын өөрчлөлт. Энэ нь карттай зорчигчдод хамаарахг үй, зөвхөн бэлэн мөнгөөр үйлчлүүлж байгаа иргэдэд хамаатай. Гуравдугаарт, дамжин суултын хөнгөлөлт. Нэг автобуснаас бууж, дараагийн автобусанд 30 минутын дотор амжиж суусан тохиолдолд картнаас мөнгө суутгахгүй. Гэхдээ энэ нь тодорхой цагуудад мөрдөгдөнө. Тухайлбал, 07.00-09.00, 17.00-19.00 цагийн хооронд энэ журам үйлчилнэ. Харин бусад цагт 20 минутын дотор амжиж суувал үнэ төлбөргүй байхаар зохицуулах асуудлыг хэлэлцэж байна. Буухдаа заавал арын хаалганд картаа уншуулдаг нь энэ хөнгөлөлттэй холбоотой. Арын хаалганд карт уншуулж буусан цаг дараагийн автобусанд суусан цагийн хоорондын хугацаагаар энэхүү хөнгөлөлтийг эдэлнэ.