Жил бүрийн өдийд Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих дэлхийн долоо хоногийг 170 гаруй орон тэмдэглэдэг. Эл өдрөөр идэвхтэй хөдөлмөр эрхэлдэг хөхүүл эхчүүдийг бүх талаар нь дэмжихийг ажил олгогчид уриалдаг. Харин манайх 1992 оноос хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжин, өнөө жил “Эхэд ээлтэй ажлын байрыг дэмжицгээе” уриан дор аянаа эхлүүллээ. Манай эхчүүд хүүхдээ хөхний сүүгээрээ хооллох нь эрс буурч байгаа аж. Статистик үзвэл 2010 онд нийт нялхсын 66 хувь нь төрснөөсөө хойш эхний зургаан сар хүртлээ эхийнхээ сүүгээр дагнан хооллож байсан бол 2013 онд уг үзүүлэлт 47 хувь болж буурчээ. Энэ нь тухайн ээжид гэр бүл болон байгууллагын зүгээс үзүүлэх дэмжлэг сул, эхийн сүү орлуулагчийн импорт, сурталчилгаа нэмэгдсэн, эмэгтэйчүүд хүүхдээ төрүүлснийхээ дараа богино хугацаанд ажилдаа эргэн орж буйтаа холбоотой гэнэ.
Уг нь Хөдөлмөрийн болон Нийгмийн даатгалын тухай хуулиар зургаан сар, нэг хүртэлх насны ихэр хүүхэдтэй эхчүүд болон ганц бие эцэгт хүүхдээ хооллох, асрахад нь зориулан хоёр цагийн цалинтай чөлөө авах эрх байдаг ч үүнийгээ тэд мэддэггүйгээс хуулиар олгогдсон эрхээ эдэлж чаддаггүй юм байна. Иймд хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих зорилгоор ЭМСЯ, НЭМХ, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, МҮЭ, ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сан зэрэг байгууллага хамтран, ажил олгогч нарт хандан, хөхүүл хүүхэдтэй эхчүүдийг дэмжиж, тэдэнд ээлтэй ажлын байр бий болгохыг уриаллаа.
Ажил олгогчид эхчүүдэд жирэмсний болон амаржсаны дараах дөрвөн сарын цалинтай чөлөө олгох, зургаа хүртэлх сартай хүүхдээ хөхүүлдэг эхчүүдэд өдөр бүр хоёр цаг, зургаан сараас хоёр хүртэлх насны хүүхэдтэй бол нэг цагаас доошгүй цалинтай чөлөө олгох ёстой гэж үзэж байна. Мөн албан байгууллагууд эхчүүдийг хүүхдээ хөхүүлэх боломжоор нь хангаж, амаржсан ээжүүдийн ажлын байрыг баталгаатай хадгалах, чөлөөний хугацаа дуусмагц ажилд нь эргүүлэн авах, ажлын байрандаа хүүхдээ хөхүүлэх боломжийг нь бүрдүлэх, ажилчдынхаа хүүхдүүдэд зориулсан ясли, цэцэрлэг бий болгоход анхаарч ажиллахыг давхар сануулав.