“Гүүд шэйринг” ХХК нь Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, өрхийн түлшний зардлыг хэмнэх зорилгоор 2010 оноос дулаан хадгалагч “G-saver” бүтээгдэхүүн үйлдвэрлэн, дотоодын зах зээлд нийлүүлж ирсэн. Тэгвэл тэд хэрэглэгчдийнхээ хүрээг тэлж, Хэнтий аймгийн Чингис хотын иргэдэд эл төхөөрөмжөө нийлүүлэхээр болжээ. Эхний ээлжинд тэд аймгийн хөгжлийн бэрхшээлтэй 100 иргэнд бүтээгдэхүүнээ үнэгүй хандивлаад байна.
Гэр хорооллын айл өрхүүд “G saver”-ийг яндан болон зуухныхаа хооронд суурилуулснаар түлш бүрэн шатаж, яндангаас гарах утааны хэмжээ нь багасдаг давуу талтай. Нэг удаа гал түлэхэд л дулаанаа 5-6 цаг хадгалдаг, монгол гэрийн зууханд суурилуулахад илүү тохиромжтой төхөөрөмж юм.