Газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд хэрэглэж буй техник тоног төхөөрөмжийг суртачлах, импортлогчдийг тариаланчдад танилцуулах сургалтыг Дорнод аймгийн Халхгол суманд зохион байгууллаа. Аймгийн газар тариалангийн үйлдвэрлэлийн 70 гаруй хувийг хангадаг тус суманд болсон уг үзүүлэх сургалтад зургаан сумын хөдөө аж ахуй хариуцсан мэргэжилтэн, тариаланч, техник импортлогчид оролцжээ. “Алтай” группийн үйлдвэрлэлийн паркийг түшиглэн зохион байгуулсан уг арга хэмжээнд “Вагнер Ази, “Инсада”, МСМ группүүд өөрсдийн оруулж ирдэг техник ,технологи болон үйлчилгээ, борлуулалтынхаа талаар тариалан эрхлэгчдэд танилцуулжээ.
Газар тариалангийн үйлдвэрлэл эрчимтэй өсөн нэмэгдэхтэй зэрэгцэн байгаль орчинд халгүй, хөрсийг элэгдэхээс хамгаалсан технологиор үйлдвэрлэл эрхэлж, тогтвортой ургац аван, эдийн засгийн үр ашгаа дээшлүүлэх нь чухал болоод буй. Халхголын сумын хөрс эмзэг, тал газрын салхи ихтэй тул хөрс элэгдэх нь амархан байдаг. Үүнээс хамгаалж, газрын хөрсийг сүйтгэлгүйгээр тариалалтаа явуулах техникүүдийг ашиглаж эхлээд байна. Мөн хөрсөө хамгаалах үүднээс бусад сэлгээний тарималууд тарих, газар тариалангийн үйлдвэрлэлийн технологийн горимыг чанд мөрдөж байгаа аж.