Төв шуудангаас Баруун дөрвөн зам хүртэлх дулааны шугамыг 30 орчим жилийн өмнө ашиглалтад оруулсан ч өнөөг хүртэл сольсон удаагүй. Харин энэ жил дулааны шугамын ачааллыг бууруулах, гэр хороололд дэд бүтэц татах зорилгоор Хөгжлийн банкны санхүүжилтээр уг шугамыг анх удаа сольж байгаа юм. Энэ хүрээнд Төв шуудангаас Баруун дөрвөн замын уулзвар хүртэлх замыг гурван үе шаттай хааж, шугам хоолой солин, засвар хийсэн.
Эхний хоёр үе шат буюу Төв шуудангаас Цэцэг төвийн уулзвар, тэндээс Улсын их дэлгүүр хүртэлх шугамыг товлосон хугацаандаа сольж, төв замыг нээж байлаа. Харин Улсын их дэлгүүрээс Баруун дөрвөн замын уулзвар хүртэлх шугам хоолойг засахтай холбоотойгоор авто замыг өнгөрсөн долдугаар сарын 13-нд хаасан. Тэгвэл уг замыг өнөөдөр нээх юм байна.