“Таван богд” групп нь “Мamy Poko” брэндийнхээ хэрэглэгчид рүү чиглэсэн хүмүүнлэгийн олон арга хэмжээ зохион байгуулдаг. Тэгвэл тус компанийнхан энэ жил Нийслэлийн I, II, III амаржих газар, ЭХЭМҮТ-ийн зайлшгүй шаардлагатай засвар, тохижилтын ажлуудыг санаачлан хийхээр болжээ. Эхний ээлжинд тэд тус төвийн Эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлгийн цахим бүртгэл, хүлээлгийн танхимыг иж бүрэн тохижуулж байгаа бөгөөд тун удахгүй хүлээлгэн өгөх гэнэ.
Түүнээс гадна амаржих газруудын ханыг будаж, хуучин таазыг нь нураан, дүүжин тааз хийж, хулдаасан шалыг нь плитагаар солих аж. Мөн цахим бүртгэл хийхэд зориулсан гурван хүний суудал бүхий тавцантай ширээ, ариун цэврийн өрөө, өлгүүрүүдийн хаалгыг сольж, хуучин цонхнуудыг томсгон, 11 хүний зөөлөвчтэй сандал байршуулж, эмнэлгүүдийн хаяг, шошгыг шинэчлэх юм байна.