БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол агаар бохирдуулагч суурин эх үүсвэрийн бүртгэл тооллоготой танилцлаа. БОНХАЖЯ, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо хамтран Улаанбаатар хотын агаар бохирдуулагч суурин эх үүсвэрийн 2014-2015 оны бүртгэл тооллого явуулж, “Агаарын чанарын ухаалаг систем”-д бүртгэх ажлыг амжилттай хийж дуусгасан байна. Уг ажлын гүйцэтгэгчээр “Эс Ай Си Эй” ХХК ажиллаж дээрх тооллогоос гадна энгийн болон сайжруулсан зуухны ашиглалт, түлшний хэрэглээний талаар тоон ба чанарын судалгаа хийжээ.
Мөн төслийн шугамаар нийслэлийн гэр хорооллын өрхөд нийлүүлсэн сайжруулсан зуухны мэдээллийг “Агаарын чанарын ухаалаг систем”-д бүртгэсэн байна. Үндэсний статистикийн хорооны судалгаагаар Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэгт нийт 184.5 мянган айл өрх гэр хороололд амьдарч байгаагийн 130.048 нь агаар бохирдуулагч суурин эх үүсвэртэй буюу утаат зуух хэрэглэдэг нь тогтоогджээ. Нийт өрхийн 55 хувь нь сайжруулсан, 45 хувь нь энгийн зуух хэрэглэдэг байна. Үлдсэн 54.497 айл өрх нь зуух хэрэглэдэггүй буюу бусдын орон сууцанд хамт амьдардаг аж.
“Эс Ай Си Эй” ХХК-ийн захирал Б.Лхагважаргал сайжруулсан зуух иргэдэд тарааснаар тодорхой үр дүнгээ өгч байгааг онцолсон байна. Уг зуух нь утаа бага гаргадаг, дулаанаа сайн хадгалдаг, түлшинд хэмнэлттэй гэх зэргээр иргэд ч ам сайтай байгаа гэнэ. Гэхдээ тараалтын явцад хүндрэл учирч байгаа аж. Жишээ нь, зарим айл ач холбогдлыг нь ойлгоогүйгээс авахаас татгалзах, ашиглалтын талаас хүндрэлтэй зүйлүүд тулгарах, авсан зуухаа хөдөө орон нутаг руу дамлаж зарах, хэрэглэхгүйгээр хадгалах зэрэг зөрчил дутагдал байгаа юм.
Өмнө нь сайжруулсан зуух авсан айлуудын 26 хувь нь зуухаа ашиглахгүй байгаа нь илэрчээ. Мөн иргэд түлшний үнийг буулгах санал гаргасан байна. БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол судалгааны үр дүнтэй танилцаад ямартай ч сайжруулсан зуух тараах ажлыг үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаагаа хэлэв. Гэхдээ иргэдэд ойлгуулах, сонголт бий болгох нь чухал гэнэ. Мөн түлшний асуудлыг одооноос шийдвэрлэж, ирэх өвлийн бэлтгэлийг хангах хэрэгтэйг сануулав.