Бостон, Нью-Йорк, Истанбул гээд дэлхийн томоохон хотуудад залуу манлайлагчдын хөтөлбөр зохион байгуулдаг “Монголын залуу манлайлагчдын хөтөлбөр” ТББ ирэх аравдугаар сард Лондон хотноо “Мал аж ахуй, газар тариалангийн хөгжил”, Цахиурын хөндийд “Технологи ба бизнес эрхлэгчид” сэдвээр хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байна.
Хоёр өдрийн турш болдог хөтөлбөрт 16 залуу хамрагддаг бөгөөд оролцогчдын сонгон шалгаруулж авдаг аж.
Их Британи газар тариалан, мал аж ахуйг бодлогоор хөгжүүлж ирсэн баялаг түүхтэй улс учир Лондон хотноо болох хөтөлбөрт бодлого тодорхойлогчид ирж, итгэл тавихаас гадна Британийн мал аж ахуйн фэрмтэй танилцаж, тус улсын туршлагыг эх орондоо хэрхэн нутагшуулах боломжтой талаар илтгэл сонсож, зөвлөлдөх аж.
Харин Цахиурын хөндийд арваннэгдүгээр сарын 13-15-нд болох хөтөлбөрийн үеэр “Google”, “Apple”, “Facebook”-т ажилладаг монгол мэргэжилтнүүд болон Харвардын хандивын сангийн дэд ерөнхийлөгч, Массачусетсийн технологийн их сургуулийн төгсөгч, хувийн компаниа 50 сая ам.долларын үнэтэй болгож, хөгжүүлсэн чадварлаг залуу ирж илтгэл тавих гэнэ. Зөвхөн гаднын үлгэр болсон байгууллага, компанийн туршлагыг судлах бус Монголд технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй залуусын төлөөлөл ч Монголын технологийн салбар ямар нөхцөл байдалтай байгааг хөтөлбөрт хамрагдаж буй залууст танилцуулах юм.
Туршлага солилцож, цаашид хамтран ажиллах холбоо тогтооход гүүр болох хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй залуус mylpsiliconvalley2015@gmail.com цахим хаягаар холбогдох боломжтой.