Наймдугаар сарын 3-нд 21.00 цагийн үед “Mitsubishi”-гийн Кантер маркийн автомашин жолоочгүй зам уруудан иргэдийг чиглэн өнхөрч явахад нь эргүүлийн цагдаа зогсоож, улсын болон иргэдийн өмч хөрөнгө, амь насыг аварсан билээ. Уг хэрэг Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд Долоон буудлаас Чингэлтэй рүү салдаг замын уулзварт болсон бөгөөд жолоочгүй машиныг “Kia”-гийн Рио маркийн машинаар хааж, иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалсан Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эргүүлийн цагдаа, ахлах ахлагч Н.Энхтүвшинтэй холбогдлоо.
-Иргэдийн мэдээлснээр жолоочгүй өнхөрч явсан машины замд бага насны хүүхдүүд байсан гэсэн.
-Уг машин зам хөндлөн гарах гэж буй иргэдийг чиглэн өнхөрч явсан. Олон хүн байсны дунд хүүхдүүд болон өндөр настнууд ч байсан.
-Уг явдлаас болж та болон бусад хүмүүс бэртэж гэмтсэн үү?
-Бэртэж гэмтсэн хүн байхгүй ээ. Харин уг ачааны машин өнхөрч явахдаа Приус маркийн машин мөргөсөн.
-Кантер маркийн машин ямар учраас жолоочгүй өнхөрч явсан юм бол? Буруутай этгээдийг тогтоож хариуцлага тооцсон уу?
-Жолооч нь машиныхаа карданыг татаж, араандаа хийсэн гэж мэдүүлсэн. Механик хурдны хайрцагтай машинуудын араа мултарч өнхөрөх тохиолдол бий. Жолооч нь харин машинаа орхиод нэлээн хол явчихсан байсан юм билээ.
-Энэ талаарх мэдээллийг цахим сүлжээнээс уншсан хүмүүс эргүүлийн цагдааг байгууллагын машиныг гэмтээсэн гэж буруутгагдаж шийтгүүлэх вий гэж санаа зовон, сэтгэгдэл бичсэн харагдсан. Ийм тохиолдолд хохирлыг хэрхэн барагдуулдаг вэ?
-Буруутай этгээдийг тогтоож, бүх хохирлыг барагдуулна. Миний хувьд жолоочгүйгээр өнхөрч яваа машиныг зогсоох өөр арга байгаагүй. Баруун талд нь замын хашлага байсан учраас нөгөө талаас нь хааж зогсоосон. Одоогоор буруутай этгээд болон учирсан хохирлыг тогтоохоор цагдаагийн байгууллагынхан ажиллаж байна.