2015 онд ховдчууд эрүүл мэндийн салбартаа томоохон хөрөнгө оруулалт хийхээр төсөвтөө тусгаад буй. Улсын төсөв болон бусад төсөл, хөтөлбөрийн дэмжлэгээр тэд Булган сумын Нэгдсэн эмнэлийн барилгыг шинээр барих бол Үенч сумынхыг өргөтгөж, Мөст, Дуут сумын эмнэлгийг засах гэнэ. Мөн БОЭТ-ийн Оношилгооны төвийн барилгыг БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар барихаар саяхан шав тавиад буй. Мөн аймгийн төсөв, Орон нутгийн хөгжлийн сангаас БОЭТ-ийн гаднах талбай, гудамжийг тохижуулахад зориулан 147.5 сая төгрөг олгож, яаралтай тусламжийн хоёр автомашиныг нь шинэчлэн, Зооноз өвчин судлалын төвд машин олгохоор тендэр зарлаад байна.
Харин энэ удаа орон нутгийн төсвөөр 16 сумын багийн эмч нартаа 40 мотоцикл олголоо. Ингэснээр алс хөдөөгийнхөнд цаг алдалгүй эмнэлгийн тусламж хүргэх, эрсдэлт бүлгийн иргэдийн эрүүл мэндийг хянах, шуурхай арга хэмжээ авах зэргээр иргэдэд үзүүлэх тусламж, үйлчилгээний хүртээмж нэмэгдэнэ гэж үзэж байна.