Сүүлийн үед энгийн иргэн, олны танил хүмүүс, УИХ-ын гишүүд хүртэл хог түүх сайн дурын аянд нэгдэж, бусдыгаа уриалаад байна. Хэн нэгний албадлага, ямар нэгэн шагнал урамшуулалгүйгээр сайн дурын ажлыг ийм идэвхтэй өрнүүлсэн тохиолдол өмнө нь тийм ч элбэг тохиолдож байгаагүй санагдана. Монголд аялж, зугаалахаар ирсэн болон амьдарч буй гадаадын иргэд Улаанбаатар хотын хогийг хэд хэдэн удаа цэвэрлэсэн.
Үүнээс ичсэн залуус наадмын өмнө Туул гол орчмын хогийг цэвэрлэж байхдаа “HogBucketChallenge” аяныг санаачилсан аж. Тус аянд оролцогч бүр гурван уут хог цэвэрлэж, фэйсбүүкт зургаа нийтлэн, аянд нэгдэх дараагийн гурван хүнийг уриалдгаараа онцлог. Аяныг санаачлагч С.Амгаланбаатар “Найзуудтайгаа Туул гол орчмын хогийг цэвэрлэчихээд маргааш нь нөгөө газраа очтол дахиад л хогоор дүүрсэн байсан.
Тиймээс хог хаяхгүй байх, хаясан хогоо түүж хэвшихийг иргэдэд уриалж, энэ аяныг санаачилсан. “Би чамд хайртай” киноны хэсэгт гардаг шиг “Хорьдугаар байрны Балбар, хогондоо гараач” гэж цагаан хоолойгоор хашгираад ч хамаагүй хотоо цэвэрлэмээр байна” хэмээв. Тэрбээр “Лантуун дохио” төрийн бус байгууллагын тэргүүн Ч.Ганжавхлан, “Мах импекс” компанийн гүйцэтгэх захирал Б.Батбаяр нарыг хог түүх аянд нэгдэхийг уриалсан юм. Үржүүлэхийн хүрд шиг нэг хүн гурван хүнийг аянд нэгдэхийг уриалсаар олны танил хүмүүс, орон нутгийнхан, сайн дурын байгууллагынхныг хүртэл хамруулаад байна.
Тухайлбал, Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо дүүргийнхээ гуравдугаар хорооны ажилчидтай хамт хүүхдийн тоглоомын талбайн хог цэвэрлэж, дараагийн гурван хүнийг аянд нэгдэхийг уриалах эрхтэй болсон. Түүнтэй утсаар холбогдож энэ талаар лавлахад “Намайг хог цэвэрлэх аянд нэгдэхийг уриалахад нь дуртай хүлээж авсан. Энэ аян хэн нэгний сурталчилгаа бус, хотын хогийг цэвэрлэх том ажил болоосой гэж хүсэж байгаа. Манай дүүрэг энэ аяныг дэмжихийн тулд бямба гариг бүр хогоо цэвэрлэх уриалга гаргасан.
Албан байгууллага, айл өрхүүд амралтын өдөр бүр орчныхоо хогийг цэвэрлэх юм. Би аяны журмын дагуу гурван уут хог цэвэрлэж, Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч А.Мөнхбат, Баялаг бүтээгчдийг дэмжих төслийг санаачлагч Ч.Даваабаяр болон сүмогийн 68 дахь их аварга Д.Дагвадорж нарыг аянд нэгдэхийг уриалсан. Тэдний зарим нь хөдөө байгаа. Ямартай ч бүгд аянд нэгдэнэ гэдгээ мэдэгдсэн” гэв. Тус аяны хамгийн бяцхан оролцогч болох зургаан настай Тэнгис хүү гурван уут хог түүж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх О.Чулуунбилэг, МАН-ын олон нийт, хэвлэл мэдээлэл хариуцсан зөвлөх Ж.Жаргалсайхан, “Дакацо” компанийн ерөнхий захирал Дака нарыг энэ аянд дуудсан юм.
Тэнгис төрөлх хотоо хоггүй, цэвэрхэн болгохыг чин сэтгэлээсээ хүсдэг гэсэн. Тиймээс эцэг эх нь удирдах албан тушаалтнуудыг аянд урихыг түүнд зөвлөжээ. Хүүгийн урилгыг хүлээн авсан залуус Хийморийн овооны орчмын Туул голын эргээс нэг портер хог түүсэн байна. Олон нийтийн цахим хэрэгсэл ашиглан зохион байгуулж буй тус аянд албан байгууллагууд ч идэвхтэй оролцож байгаа. Саяхан “Мобиком” компанийн 150 гаруй ажилтан Гүнт орчмын Сэлбэ голын эрэг дагуух газраас долоон тонн хог түүжээ.
Тус компанийн орон нутгийн салбаруудын ажилтнууд ч бас өөрсдийн санаачилгаар аянд нэгдэж, Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын төв зам, Дорнод аймгийн Халхгол сумын Буйр нуур, Төв аймгийн Баянчандмань сумын төв зам, Баянхонгор аймгийн Түйн голын орчимд цэвэрлэгээ хийсэн байна. “Юнител”, “Скайтел” компанийн ажилтнууд ч тус аянд нэгдсэн төдийгүй үүрэн телефоны хэрэглэгч бүрийг тус аянд нэгдэхийг уриалсан юм.
“Би чадна” клубийнхэн тус аянд оролцохдоо аюултай хог хаягдлын тухай мэдээллийг олон нийтэд түгээхийг зорьсон гэнэ. Тэд Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрийн хогийг түүхдээ айлуудын хаалгыг тогшиж, аяны талаар болон аюултай хог хаягдлын тухай танилцуулсан байна. Тус клубийн ахлагч Э.Бадам “Хотоос алслагдсан зарим дүүргийн гэр хорооллын айлын хүүхдүүд фэйсбүүк ашиглах боломжгүй байдаг. Тиймээс бид тэдгээр хүүхдүүдэд мэдээлэл өгч, хамтдаа аянд оролцохыг хүссэн юм. Хүүхдүүд биднийг анхааралтай сонсож, дахиад гудамжинд хог хаяхгүй гэж хэлэхэд нь урам авсан” хэмээн ярилаа. Ийнхүү хог цэвэрлэх сайн дурын аян улам хүрээгээ тэлсээр байна.
Санаачилгаараа хог түүж, бусдыг уриалахыг хүссэн албан байгууллага, иргэдийн тоо өдөр бүр нэмэгдэж байгаа тухай аяныг санаачлагч С.Амгаланбаатар хэлсэн. Аянд хотынхноос гадна орон нутгийнхан ч идэвхтэй оролцож буй. Саяхан Архангай аймгийн салбар зөвлөлийнхөн Цэцэрлэг хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэхийн тулд “HogBucketChallenge” аянд нэгдсэн тухайгаа мэдэгдсэн байсан.
Түүнчлэн Өвөрмонгол, Хөх хот, Шилийн голд амьдарч буй иргэд ч хог цэвэрлэх сайн дурын аянд нэгдсэнээ мэдэгдэн фэйсбүүктээ хог түүж буй зураг нийтлэх болжээ. Энэхүү аяны талаарх мэдээлэл дэлхий нийтийн чихийг ч сортойлгоод буйн нэг жишээ нь BBC агентлаг “Монголчууд үндэсний их баяр наадмынхаа дараа хотоо цэвэрхэн байлгахыг уриалж, сайн дурын аян зохион байгуулжээ. Тэд аянд идэвхтэй оролцож, фэйсбүүктээ зургаа нийтэлж байна” хэмээн мэдээлсэн явдал юм.
Тус аянд нэгдсэн иргэн И.Нарандэлгэр “Манай гэр Сэлбэ голын ойролцоо байдаг. Өглөө бүр ажилдаа явахдаа голд хаясан хогийг хараад харамсдаг мөртлөө зүгээр л хажуугаар нь өнгөрдөг байлаа. Залуучуудын санаачилсан аяныг сонсоод сайн дураараа нэгдэж, голд хаясан хогийг түүсэн. Цэвэрхэн болсныг нь хараад сэтгэл санаа ч сайхан болсон” гэсэн юм. Фэйсбүүк хэрэглэгч хэсэг залуус нийгмийн сүлжээний давуу талыг ашиглан ийнхүү хотоо хогноос нь салгаж байна. Бидний хүсэж мөрөөддөг цэвэрхэн хотыг бий болгоход олон тэрбум төгрөг, урт хугацаа шаардагдахгүй гэдгийг тус аян харуулж буй.