Нийслэлийн удирдлагууд хийх ажилгүй болоо юу даа. Улаанбаатар хотын хаа нэгтээ тууз хайчлах арга хэмжээ зохион байгуулаад, гол дүрд нь тоглож харагдах юм. Эсвэл тэд хэвлэлийнхэнд л зориулж ажил хийдэг юм уу. Хийх ёстой ажлаа дууссаны дараа тайз засаж, нээлт хийн, тууз хайчилдгаа хэзээ болих юм бэ. Хэвлэлийнхэн олон нийтэд мэдээллийг туузтай, туузгүй хүргэчихнэ. Гэтэл дарга нэртэй сэтэртнүүд аль нэг хувийн компанийн хийсэн ажлыг ч шүүрч аваад л, өөрсдөө хийчихсэн мэт аашилдаг боллоо.
Тэгээд зогсохгүй бөмбөлөг үлээж, микрофон, хайч бариад сурсан зангаараа тууз хайчлах нь хачин. Сүүлдээ энэ нь бүр өвчин болох нь. Хамгийн сүүлд буюу өчигдөр болсон үйл явдал үүний тод жишээ. Улаанбаатар хотын дулаан хангамжийн 3 А, Б, В гол шугамыг өргөтгөн, шинэчлэх ажлын хүрээнд өнгөрсөн зургадугаар сард УДЭТ-аас Төв шуудан, тэндээс Баруун дөрвөн замын уулзвар хүртэлх авто замыг гурван үе шаттай хааж, дулааны шугам хоолой солин, зам зассан. Энэ ажлыг өчигдөр дуусгасан бөгөөд нийслэлийн удирдлагууд болон арав гаруй удирдах албан тушаалтан тэнд сүр бараатай морилж, сүржин нээлт хийв.
Морин хуур, “Уяхан замбуу тивийн наран”- г сонссон жуулчид урлагийн тоглолт гэж андууран, цуглаж харагдсан. “Урлагийн тоглолт биш, замын нээлт болж байна” гэх орчуулагчийнхаа үгийг сонсоод нүдээ том болгож ирээд л, толгойгоо сэгсрэн гайхаад л буцна лээ. Нээлтийн үеэр нийслэлийн ИТХын дарга Д.Баттулга “Дулааны шугам хоолой сольж, цэвэр усны нөөц шугамыг өргөтгөхөөр гүйцэтгэгч компаниудтай тавдугаар сарын 31-нээс наймдугаар сарын 15 хүртэл хамтран ажиллах гэрээ байгуулсан.
Тэд хугацаанаас нь 10 хоногийн өмнө ашиглалтад орууллаа. 2013 оны дөрөвдүгээр сард энэ шугам хоолойг солихоор ярьж, наймдугаар сард нь Засгийн газраар оруулж, шийдүүлсэн. Зураг төсөл, бэлтгэл ажил гэсээр хоёр жил болж, энэ жил ашиглалтад орууллаа. Дулааны 300 мм-ийн шугамыг 500, 400-гийнх нь 600 мм болгон өргөтгөн, шинэчилсэн. Ингэснээр дулаан хангамж сайжирна” гэсэн. Түүний дараагаар нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөр, С.Очирбат нарыг индэрт урив. Хамаг чухал зүйлийг нь Д.Баттулга дарга ярьчихсан учраас тэд хэлэх үг олдохгүй байгаагаа тоочиж, ажил гүйцэтгэсэн компанийн ажилчдад баяр хүргэх төдийгөөр яриагаа өндөрлөлөө. Ярих зүйлгүй л юм бол анхнаасаа индэрт гарах хэрэг байсан ч юм уу.
Тэдэн дээр нэмэгдэн “Улаанбаатар дулааны сүлжээ” компанийн гүйцэтгэх захирал Р.Хайдав, Ус сувгийн удирдах газрын дарга С.Үнэн нар тууз хайчлахад оролцов. Харин гүйцэтгэгч компанийнхнаас нэг ч хүнийг индэрт урьсангүй, туузанд гар хүргэсэнгүй. Уг нь дарга нар өөрсдөө энэ бүхнийг хийчихээгүй байлтай.
Гүйцэтгэгч компанийн зарим хүнийг нийслэлийн тэргүүний ажилтан цол тэмдэг, мөнгөн шагналаар шагнаж, урамшуулснаар нээлтийн үйл ажиллагаа өндөрлөлөө. “Хангилцаг” компанийн инженер Н.Эрдэнэх үү “Бид 24 худгийн байгууламж, дулааны 1.7 км хос шугамыг шинэчилж, Улаанбаатар хотын цэвэр усны нөөц 1.4 км шугамыг 500 мм болгон өргөтгөсөн. Авто замын хуучин хатуу хучилтыг хуулалгүй, дээр нь 4-5 см зузаан асфальт тавилаа. Ус зайлуулах хоолойны хуучирч, элэгдсэн хэсгийг нь сольж, шинэчилсэн. 25-30 жилийн баталгаа өгч байна” гэв.
Өвлийн ид хүйтнээр дулааны шугам хоолой цоорвол Улаанбаатар хот хөлдөхдөө тулна. Харин шугам хоолой сольсноор энэ аюул холдож байгаа юм. Үүгээр зогсохгүй хотын төв хэсэг буюу Бага тойруу, Төв шуудан, Засгийн газрын ордны дулаан хангамж сайжирч, 2000-аад айлыг орон сууцжуулах нөхцөл бүрдэж буй гэнэ. 30 гаруй жил гар хүрээгүй дулааны шугам хоолойг шинэчилсэн нь сайн хэрэг. Нийслэлийн удирдлагууд нэг сумаар гурван туулай буудсанаа гайхан магтацгааж байгаа.
Учир нь “Хангилцаг”, “Эй Би Жи Энерго”, “Гандирс орд” компанийн түншлэл дулааны шугам хоолойг сольсноос гадна авто замыг засаж, цэвэр усны нөөц шугамыг өргөтгөсөн. Гэхдээ хэдэн жилийн өмнө энэ замыг хааж, засахдаа шугам хоолойг нь сольсон бол дахиж зардал гаргахгүй л байлаа. Энэ удаа Хөгжлийн банкны 12.6 тэрбум төгрөгөөр шугам хоолойг солих, өргөтгөх, зам засах ажил хийсэн. Үүнээс нэг тэрбум гаруй төгрөгөөр л зам засчээ. Түүнчлэн тууз хайчлах, тайз засах, нээлт хийхэд хэдий хэмжээний зардал гаргасныг мэдэх боломжгүй. Хөрөнгө мөнгө байхгүй гэсэн атлаа хэрэгтэй, хэрэггүй, аахар шаахар зүйлд мөнгө урсгадгаа болимоор юм.