Италид амьдардаг, дуурийн дуучин монгол бүсгүй Самбуугийн Аяанатай цахим шуудангаар холбогдлоо. Тэрбээр Монголын кино урлагийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулж, олон арван баримтат киногоороо эх орныхоо түүхийг бичсэн найруулагч Цэвээний Зандраагийн ач охин билээ. Урлагийнхны гэр бүлд өсөж торнисон энэ бүсгүй Англи дууны уралдаанд оролцож түрүүлснээр дуучин болох замналаа эхлүүлсэн бол өдгөө Итали улсад уран бүтээлээ туурвиж байна.
-Таны бичлэгүүдийг “youtube”-ээр үзлээ. Үнэхээр сайхан дуулдаг юм байна. “Үнсгэлжин” дуурийг Итали, Монголын тайзнаа нэгэн зэрэг тоглуулах төсөл эхлүүлснийг тань дуулаад холбогдож байгаа юм. 2002 онд таныг манай сонинд ярилцлага өгч байсныг сая л мэдлээ.
-Баярлалаа. Юуны өмнө “Өнөөдөр” сонины хамт олонд талархал илэрхийлье. Тэр ярилцлагаас гадна 2008 онд миний тоглолтын тухай мэдээллийг нийтэлж байсан юм
-Таны нэр анхаарал татмаар сонирхолтой юм. Ямар учиртай вэ?
-Миний өвөө бол Монголын киноны анхны мэргэжлийн кино найруулагч Цэвээний Зандраа. Кино найруулахаас гадна зохиолоо бичиж, шүлэг зохиоход цаг гаргадаг нэгэн байлаа. Манай өвөө дуучин хүнийг кино жүжигчин болгож “Манай аялгуу” кино бүтээсэн нь орчин үеийн ойлголтоор бол бараг видео клип юм даа. Нөгөөтэйгүүр дуучдыг олон нийтэд танилцуулах бүтээл болсон юм. Миний нэр энэ кинотой салшгүй холбоотой. Намайг төрөхөд өвөө минь “Манай аялгуу” киногоо орос хэл рүү хөрвүүлэхээр ЗХУ-ын кино студид ажиллаж байсан юм билээ. Аялгуу гэдэг үгтэй нь холбоотой нэр өгнө гэж шийдээд Аяана гэж нэрлэжээ.