ОХУ-д царцааны нүүдэл гамшиг дагуулж байна. Хэдэн сая царцаа хойд хөршийн өмнөд хэсгийн газар нутгийг бэлчээргүй болгож, замдаа таарсан өвс, ургамлыг хуу хамж байгаа талаар “Риа новости” агентлаг мэдээллээ. Ойролцоогоор 800 мянган га талбайг хамраад байгаа царцааны нүүдэл хүрээгээ тэлж байгаа бөгөөд ОХУ-ын Онцгой байдлын газраас иргэдэд сэрэмжлүүлэг хүргэсээр байна. . Энэхүү нүүдэл эдийн засгийн багагүй бэрхшээл дагуулаад байгааг мужийн захиргаа, орон нутгийн удирдлагууд онцолсон.
Сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд ийм хачирхалтай үзэгдэл тус улсад болоогүй аж. Энэ жил нийт үр тарианы 10 гаруй хувийг царцаа сүйтгэсэн гэсэн мэдээллийг Тариалан эрхлэлтийн яамнаас гаргаад буй. ОХУ-ын албаныхан байдалд дахин долоо хоног үргэлжлэх юм бол газар тариалангийн бүс нутаг, эдлэн газруудад яаралтай гал тавьж, царцааны устгал хийнэ гэдгийг ч сануулсан. Энэ удаагийн царцааны нүүдлийн талаар ОХУ-ын хэвлэл мэдээллийн агентлагууд ийнхүү тайлбарлаж байна. “Сүүлийн жилүүдэд ган гачиг ихтэй байсан нь үнэн. Өнгөрсөн жилийн хувьд Сибирийн ойд гарсан түймэр манай улсын түүхэнд болж байгаагүй хүнд нөхцөл байдал үүссэн.
Харин энэ жил царцаа тэжээлгүй буюу хоол хүнсгүй болоод нүүдэл хийж байгаа нь энэ. Нөгөө талаар цаг уурын өөрчлөлт ан амьтан, байгаль экологид нөлөөлж байгаа олон жишээний нэгд царцааны нүүдэл” гэж бичжээ. Зуны дундаж температур таваас арван хэмээр нэмэгдсэн нь дэлхийн дулааралтай холбоотой гэнэ. Дэлхийн дулаарал мэдэгдэхүйц хэмжээгээр нөлөөлсний улмаас энэ мэт сөрөг нөлөө гарах болсныг зарим эрдэмтэд хэлж байгаа юм.
ОХУ-ын Хөдөө аж ахуйн яамнаас Онцгой байдлын газартай хамтран царцааны нүүдлээс үр тариаг хамгаалах асуудалд анхаарал хандуулж, сэрэмжлүүлэх арга хэмжээ авахаар өчигдөр хуралдаж эхэлсэн тухай “Риа новости” агентлаг мэдээлсэн. Хэрэв сая сая царцаа Сибирийн ойд орж ирвэл Монгол Улс руу ч нэвтрэхийг үгүйсгэхгүй.
Сибирийн ойд нисдэг хар цох хорхой байдаг. Тэр ч утгаараа байгалийн тэнцвэрт байдал царцааны нүүдэл дагаж алдагдахыг хэн ч тааварлашгүй. Үр тариа, улаан буудайн болц гүйцээгүй энэ үед томоохон хохирол амсахгүй гэх баталгаа алга. Мэргэжилтнүүд царцааг голдуу өвс, ногоо, үр тариа бараадан нүүдэл хийдэг гэсэн судалгаа гаргаад байгаа. Тэгвэл нүүдэл дундаа үржин явдаг уу, эсвэл хорогдож нүүдэллэдэг үү гэдэг нь анхаарал татаад буй. Хэрэв шим тэжээл ихтэй газар бараадан нүүдэллэвэл тоогоо алдахгүй байх болно.
Харин үр тарианы нутгаар нүүдэллэсээр байвал ОХУ-ын нийт үр тарианы 34-40 хувийг үгүй хийх аюул дагуулж байна гэсэн ноцтой таамаг дэвшүүлсэн. Хамгийн том царцаа нь 12 см, багавтар нь зургаан см байгаа гэсэн баримт бий. Одоогийн байдлаар Калмик, Астрахан, Волгоград, Дагестаны газар нутагт нүүдэллэж, удахгүй Сибирийн ойд хүрч болзошгүй аж. Нутгийн иргэд гомдол мэдүүлж, харьяа хот тосгоны удирдлагуудад хандаад байгаа талаар “Вести.ру” сайт мэдээллээ. Царцааны нүүдэл дайрч өнгөрсөн хот, суурин газрын иргэдийн амьдрах нөхцөл тун хүнд байдалд ороод байна.
Б.Баатар