ГССҮТ-ийн Түлэнхий, нөхөн сэргээх мэс заслын тасагт өдөрт 50-80 хүн байнгын хэвтэн эмчлүүлдгээс тэдний 80 орчим хувь нь 0-5 насныхан байдаг. Сүүлийн жилүүдэд түлэгдэлт ихссэнтэй холбоотойгоор сэхээн амьдруулахын өрөөнүүд нь өдөрт арваас доошгүй үйлчлүүлэгчтэй өнжих болсон гэж тус тасгийнхан хэллээ. Түлэгдсэн өвчтөнүүдэд нэн шаардлагатай эмчилгээ нь алдсан шингэнийг түргэн нөхөж, хордлогыг нь хурдан тайлах явдал. Өөрөөр хэлбэл, шингэн алдсан, арьсаа нөхүүлсэн хүмүүст уураг, цус, цусан бүтээгдэхүүн маш их шаардлагатай байдаг аж. Гэтэл тус тасагт цус, цусан бүтээгдэхүүний нөөц байнга хомсдож, аргаа барахдаа хэвтэн эмчлүүлэгсдийн ар гэрийнхнээс цус сэлбэдэг тухай эмч нар хэлэв. Тэгвэл энэ удаа ч мөн цус, цусан бүтээгдэхүүнийх нь нөөц барагджээ. Тиймээс тэд өнөөдөр цус цуглуулах арга хэмжээ зохион байгуулж, халуун сэтгэлт хүмүүсийг донорын эгнээнд нэгдэж, өвдөж шаналсан олонд тус хүргэхийг уриалав.
Дашрамд өгүүлэхэд, 16-гаас дээш насны, шаралж байгаагүй хүмүүс донор болох боломжтой. Хэрэв та сайн үйлсийн эгнээнд нэгдэхээр шийдсэн бол ганц өдөр өөх тостой хоол, сүү сүүн бүтээгдэхүүн хэрэглэхээс татгалзаарай. Бас иргэний үнэмлэхээ мартуузай.