Монголын Залуучуудын холбоо нь зургаан жил завсарласан бүсийн чуулганаа хуралдуулж эхлээд байгаа. Олон жил завсарласан чуулган баруун аймгуудаас эхэлж, өнгөрсөн зургадугаар сарын 19-22-нд Баян-Өлгий аймагт болсон. Тэд баруун бусийн залуучуудын өмнө тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэх арга зам болоод үр дүн зэргийг тусгасан зөвлөмж гаргахаар тогтсон юм. Тэгвэл энэ удаа төвийн бүсийн залуус Орхон аймагт чуулахаар боллоо. Чуулганыг Орхон аймгийн Залуучуудын холбоо, Орхон аймгийн ЗДТГ болон “Эрдэнэт Үйлдвэр” ХХК хамтран энэ сарын 7, 8, 9 нд зохион байгуулна.
Уг чуулга уулзалтад Улаанбаатар, Орхон, Дархан, Сэлэнгэ, Булган, Төв, Хөвсгөл аймгийн Залуучуудын холбооны төлөөлөгчид оролцоно. 150 гаруй төлөөлөгчид Монголын Залуучуудын холбооны орон нутаг дахь салбар зөвлөлүүдийн удирдлагын багийг чадавхижуулах сургалтыг зохион байгуулах, залуучуудын идэвхи оролцоог нэмэгдүүлэх, холбооныхоо стратеги төлөвлөгөөг танилцуулах, орон нутгийн залуучуудын өмнө тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж төвийн бүсийн залуучуудын стратеги төлөвлөгөөнд тусган боловсруулах зорилгын дор нэгдэнэ. Харин Зүүн бүсийн чуулган Хэнтий аймагт болно.