Нийслэлчүүд ээлжийн амралтаа авах нь авч, хөдөө, гадаа явах нь яваад Улаанбаатар хотын төв ажин түжин байна. Харин зуслангийн зам машин ихтэй, гэрлэн дохио бүрт түгжрэх янзтай. Малын хөлийн тоос гэдэг шиг л машины дугуйны эргэлтээр тоос босож, цонх онгойлгохын эцэсгүй. Ашиглалтад орсноос нь хойш илэх төдий засвар хийгээд өнгөрдөг байсан зуслангийн замуудад нийслэлийн удирдлагууд энэ жил анх удаа их хэмжээний хөрөнгө “хаясан”.
Иймээс нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөр, албаны хүмүүс зуслангийн чиглэлд тавьж буй зам болон Нарны замыг XIX хорооллын арын замтай холбосон бүтээн байгуулалтын ажилтай өчигдөр танилцав. Дамбадаржаагийн цагдаагийн постоос Шаргаморьт, Хандгайт чиглэлийн 16.3 км замыг гурван компани, гэрэлтүүлгийг нэг, төмөр бетонон 50 метр урт хос гүүрийг мөн нэг компани тавьж байгаа аж.
Төсөвт өртөг нь 25.1 тэрбум төгрөг бөгөөд үүний 30 хувийг нийслэлийн төсвөөс, үлдсэнийг нь компаниуд өөрсдөө гаргажээ. Компаниудын мөнгийг ирэх жил нийслэлийн төсөвт суулган олгох гэнэ. Анх гурван эгнээ есөн метр өргөн авто зам тавихаар төлөвлөсөн ч хожим дөрвөн эгнээ 12 метр болгон өөрчилжээ. Гэхдээ 9.6 км зам нь ийм хэмжээтэй, явган хүний болон дугуйн зам, гэрэлтүүлэгтэй. Шаргаморьтын уулзвараас Хандгайт хүртэлх үлдсэн 6.7 км зам нь долоон метр өргөнтэй, явган хүний замгүй. Энэ замаар явган хүн барагтай бол явдаггүй учраас зам төлөвлөөгүй, ногоон байгууламж хийхээр болжээ. Мөн намаг ихтэй газар учраас төмөр тор дэвсэж, суурь хучилтыг хамгаалсан байна.
16.3 км замд борооны ус зайлуулах 40 хоолой хийх гэнэ. Замын ажил 50 гаруй хувьтай яваа аж. “Тэгш плант” компани Дамбадаржаагийн цагдаагийн постоос Шадивлангийн уулзвар хүртэлх таван км зам засахаас 2.5 км-ийнх нь суурь хучилтыг хийжээ. Нийт 300 гаруй айл газар чөлөөлсөн гэнэ. Төмөр бетонон 50 метр урт, 28 метр өргөн хос гүүрийг “Мотор сервис” компанийнхан тавьж, 60- 70 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байв.
Харин Шадивлангийн шинэ уулзвараас Шаргаморьтын уулзвар хүртэлх 4.6 км замын ажил удаашралтай байгааг нийслэлийн ИТХ-ын дарга шүүмжилсэн. Энэ замыг тавьж байгаа “Төгс зам” компанийн ерөнхий инженер М.Мөнхнаран “Түр зам гаргах боломжгүй учраас замынхаа нэг талаар машин явуулж байгаа. Мөн хайрганы карьер хүндрэл учруулж байна” гэлээ. Ганц эднийх гэлтгүй бусад компанид ч хайрга хамгийн том бэрхшээл болж байсан бөгөөд саяхан үүнийг шийджээ. Гүйцэтгэгч компаниудын ихэнх нь замынхаа өнгөн хучилтыг ирэх жил хийх аж. Өнгөн хучилтыг 14 хоногт л хийчих юм байна.
Гэхдээ тэд энэ жил Улсын комисс ажиллуулах хүсэлтэй байгаагаа нийслэлийн удирдлагуудад хэлсэн. Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга “Энэ замын суурь хучилтыг компаниуд аравдугаар сарын 1 гэхэд хийгээд, дараа жил дөрөв, тавдугаар сард өнгөн хучилтаа хийчихвэл зам бүрэн бэлэн болно. Компанийнхан санхүү хүндрэлтэй байгааг хэлсэн. Бид гэрээний дагуу өгдгөө өгсөн” гэв.
Үүний дараа Нарны замыг XIX хорооллын арын замтай холбосон 1.5 км замын ажилтай танилцлаа. Тус замыг тавихдаа төмөр зам доогуур туннель хийж, төмөр бетонон 50 метр, мөн 10 метр урт гүүр тавьж байгаа гэнэ. Туннелийн урт 22 метр бөгөөд жипп болон түүнээс жижиг машин гарах боломжтой. “Оч наран” компанийн захирал О.Наранбаатар “Долоон метр өргөн, хоёр талдаа явган болон дугуйн замтай 1.5 км замыг нийслэлийн 4.3 тэрбум төгрөгөөр тавьж байна.
Зам хойшоо Үндэсний соёл амралтын хүрээлэн, урагшаа Энхтайваны гүүрний зүүн талын замтай холбогдож байгаа” гэв. Харин Улиастай, Гачуурт чиглэлийн 11 км замын ажил 60 гаруй хувьтай яваа аж. Найман км орчим замын хатуу хучилтыг хийжээ. Гурван км замд газар чөлөөлөх шаардлагатай гэнэ. “Наймдугаар сарын 25 гэхэд ихэнх зам дуусаж, хөдөлгөөнийг нээнэ” хэмээн Нийслэлийн Авто замын газрын орлогч дарга Д.Баясгалан ярилаа.