Орхон аймгийн төвийн цэвэрлэх байгууламж хоногт 24.000 шоо метр ус цэвэршүүлэх чадалтай ч хүн амын өсөлт, аж үйлдвэрийн бүтээн байгуулалтаас болж багагүй ачаалал үүрч буй аж. Тиймээс одоогийнхтой нь адил хүчин чадалтай байгууламж шинээр барих болсон. 26.9 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй уг ажлыг өдгөө “Ардааган”, “Байгууламж”, “Хангилцаг” компанийн түншлэл гүйцэтгэж буй аж. Тоног төхөөрөмжийг нь Франц улсаас нийлүүлжээ. Гэрээ ёсоор уг ажлыг ирэх сард дуусган хүлээлгэж өгөх ёстой гэнэ. Энэ талаар Барилга, хот байгуулалтын яамны Барилга, нийтийн аж ахуйн бодлогын газрын дэд дарга Р.Эрдэнэцэцэгээс тодрууллаа.
-Энэ ажлын явц хэдэн хувьтай байна вэ?
-Тоног төхөөрөмжийг нь Францын талаас нийлүүлж, туршилт тохируулгыг нь ч тус улсын мэргэжилтнүүд хийх юм. Одоогоор ажлынхаа 80 хувийг амжуулаад байгаа. Цэвэрлэх байгууламж барих тухай 2010 оноос ярьж эхлээд шат дараатай ажилласаар энэ онд ашиглалтад оруулах боломжтой бүрдэж байна. Ирэх аравдугаар сард тохиох Монгол, Франц улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн өмнө хүлээлгэж өгөх төлөвлөгөөтэй. Монголын Засгийн газар санхүүжилтээ хурдан шийдвэл хугацаанд нь дуусгах боломжтойгоо гүйцэтгэгчид мэдэгдэж байна. Манай эдийн засгийн байдал сайнгүй байгаа учраас компаниудад “Та нар ажлаа хугацаанд нь дуусгачих, хөрөнгийг нь ирэх оны төсөвт суулгана” гэсэн нөхцөл тавьсан. Энэ онд компаниудад 1.4 тэрбум төгрөг олгосон, ирэх онд хоёр тэрбум төгрөг өгөхөөр төлөвлөөд байна.
-Манай талаас хэдий хэмжээний хөрөнгө гаргаж буй юм бол?
-Барилга угсралтын зардлыг манайх, тоног төхөөрөмжийг нь Францын тал нийлүүлж буй. Төслийн нийт өртөг нь 26.9 тэрбум төгрөг. Үүний 17.1 тэрбум төгрөг буюу 9.5 сая еврог нь Франц улсаас, үлдсэнийг нь улсын төсвөөс гаргах юм.
-Барьсны дараа аль байгууллага хариуцах талаар орон нутгийн түвшинд нэлээд ярьсан. Үүнийг шийдсэн болов уу?
-Байгууламжийн ашиглагч байгууллагыг тодорхойлох нь маш чухал байна. Орхон аймгийн ЗДТГ юм уу, Эрдэнэт үйлдвэрийнхэн хариуцах юм уу гэдгийг тодорхойлно гэсэн үг. Уг асуудлыг одоогоор шийдээгүй. Аймгийн ЗДТГ ашиглагч байгууллагыг нэн даруй тодорхойлж, шийдээч ээ гэдгийг бид дахин дахин сануулж буй. Хамгийн чухал зүйл болох боловсон хүчнээ бэлтгэж мэргэшүүлэхийн тулд ашиглагч байгууллагаа сонгох шаардлагатай.
-Шинэ цэвэрлэх байгууламж барьснаар хэчнээн ажлын байр нэмэгдэх вэ?
-Ихэнх тоног төхөөрөмж бүрэн автомат учир 20-30 хүн ажиллахад л хангалттай.