АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл жил гаруйн хугацаа байгаа ч кампанит ажил нь нэгэнт эхэлчихээд байна. Нэрээ дэвшүүлэхээ зарласан улстөрчид сонгуулийн өмнөх мэдэгдлээ, түүний дотор гадаад бодлогын чиглэлээ тодорхойлчихсон. АНУ-ын Ерөнхийлөгчийн суудалд өрсөлдөгчдөд гадаад бодлогын асуудлаар хэн, ямар зөвлөгөө өгч байж болохыг таамаглах гэж оролдоод үзье. Америкчуудын хувьд олон улсын асуудлаас гэр орныхоо ажил, амьдралыг илүүтэй сонирхдог уламжлалтай юм.
Тэгэхдээ хэдхэн сарын өмнөөс гараагаа эхэлсэн Ерөнхийлөгчийн сонгууль энэ утгаараа их өөр. Бүр хоёрдугаар сард явуулсан олон нийтийн санал асуулга хачирхалтай үр дүн харуулав. Америкчуудын 41 хувь нь 2016 оны сонгуулийн кампани гадаад бодлогод голлон ач холбогдол өгнө гэж үзжээ. Үүний шалтгааныг олон хүчин зүйлээр тайлбарлаж болно. Америкийн одоогийн засаг захиргааны гадаад бодлогыг олон түмэн нь доогуур үнэлж буй нь түүнийг шүүмжлэлийн тохиромжтой бай болгож байна. Олон улсын тавцан дээр АНУ-ын явуулж буй үйл ажиллагааны тухайд Конгресс, Цагаан ордон хоёр санал зөрөлдөөнтэй байгаа нь сонгогчдын анхаарлыг ихээхэн татаж байгаа юм.
Эцэст нь Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон сунгаанд оролцох болсноор өрсөлдөгчдөө газрын зураг шүүрэн авч, гадаад бодлогын хашир хандгай нарыг зөвлөхөөрөө ажиллуулахаас аргагүй байдалд орууллаа. БНН-аас нэр дэвшигчдийн дундаас гадаад бодлогын талаарх мэдлэгээрээ Марко Рубио эрхгүй ялгарна. Флорида муж улсаас сонгогдсон энэ залуу сенатч 2011 оноос олон улсын болон тагнуулын асуудал эрхэлсэн хороонд ажиллаж буй юм. Түүний өөрийнх нь үгээр бол “Америкийн Засгийн газарт л байдаг чухал мэдээлэлд хүрэх боломж түүнд байгаа” аж.
Түүнээс гадна энэ хугацаанд тэрбээр 15 удаа хилийн чанад руу явж, улс орнуудын тэргүүн нартай уулзаж явсан байна. Хачирхалтай ч гэлээ, БНН-ын Рубиод гадаад бодлогын талаар боловсрол олгох ажлыг эхний үед АН-ын Жон Керри Олон улсын бодлогын хороог тэргүүлж байхдаа хийж байсан байх юм. Хожим нь энэ үүргийг Жеми Флай гүйцэтгэх болжээ. Хүү Жорж Бушийн захиргаанд зөвлөх байсан Флай “Гадаад бодлогын санаачилга” гэдэг шинэ консерватив төвийг үүсгэн байгуулагчдын нэгийн хувьд нэлээд алдаршсан хүн аж.
Америкийн эрх ашгийг олон улсын тавцан дээр түрэмгий аргаар хамгаалдаг хүү Бушийн үеийн уламжлалыг хамгаалах зорилгыг энэ бүтэц өмнөө тавьж байв. Рубио куба гаралтай америк хүн хэрнээ Гаванатай харилцаагаа сайжруулах явдалд ихээхэн дургүйцдэг байжээ. Флорида муж улсын амбан захирагч байсан Жеб Буш гадаад бодлогын тал дээр айхтар туршлагагүй байж болох ч хамтран зүтгэгчдийнх нь хүчирхэг баг ард нь бий. Америкийн 41 дэх Ерөнхийлөгч эцэг Буш, 43 дахь Ерөнхийлөгч ах Буш болон 40 дэх Ерөнхийлөгч, БНН-ын Рональд Рейган нарын хүрээлэлд багтаж байсан хүмүүсээс бүрдсэн шинэ консерватив үзэлт гадаад бодлогын зөвлөхүүдийн нэрс байгааг тэрбээр бүр хоёрдугаар сард сонордуулж байсан юм.
Тэдний дотор ТТГ-ын дарга байсан Портер Госс, Майкл Хайден, ЗХУ-ыг тарах үед Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Жеймс Бейкер, Үндэсний аюулгүй байдлын асуудлаарх зөвлөх байсан Стивен Хедли, Америкийн түүхэнд Үндэсний аюулгүй байдлын анхны сайд асан Том Риж, Дэлхийн банкны тэргүүн Роберт Зеллик, түүний халааг авсан Пол Вулфовиц нар бий. Вулфовиц л гэхэд бүс нутгийн гүрэн бий болгох оролдлогод АНУ ямар ч хамаагүй аргаар саад хийх номлолыг боловсруулсан хүн.
Гэлээ ч эдгээр алдар цуутай хүмүүс харин ч Жеб Бушт саад болж болзошгүй гэж шинжээчид үзэж байгаа юм. Учир нь нэгдүгээрт, “өөрөө өөртөө эзэн” гэж Жеб Буш мэдэгдэж байсныг нь энэ нэрс эргэлзээтэй болгож байна. Хоёрдугаарт, гэр бүлийнхнийхээ гадаад бодлогын салбарт хуримтлуулсан туршлагаас татгалзахгүй байхын зэрэгцээ америкчуудын дийлэнх нь гадаад бодлогод гаргасан алдаа гэж үздэг, ахынхаа өдөөсөн Иракийн эсрэг кампанит ажлаас хөндий байх яггүй зорилт Жеб Бушийн багийн өмнө байгаа юм.
Висконсин муж улсын амбан захирагч Скотт Уокер нэг намын нөхдөөсөө хоцрохгүй байхыг хичээж байна. Тэгэхдээ энэ нь түүнээс ихээхэн чармайлт шаардаж буй нь нууц биш. Урьд нь гадаад бодлоготой ойр огт байгаагүй энэ хүн гадаад орнуудад явж байхдаа эвгүй байдалд орж байсан нь цөөнгүй. Тухайлбал, Ерөнхий сайд Дэвид Кэмерон энгүүн ярьж байхдаа Барак Обамагийн удирдагчийн чадварт эргэлздэгээ нуугаагүй хэмээн Англид очоод байхдаа мэдэгдсэн нь золтой л дипломат хэл ам тарьчихаагүй билээ.
Уокер өдөр хоног өнгөрөх тусам алдаагаа засахыг хичээж буй. Тэрбээр дэлхий дахинд болж буй өдөр тутмын үйл явдлын талаарх мэдээллийг АНУ-ын Ерөнхийлөгчийн хэмжээнд өглөө бүр өөрт нь бэлтгэж өгч байхыг сонгуулийн штабдаа үүрэг болгоод байгаа аж. Иракт алба хааж байхдаа тагнуулын асуудал хариуцаж байсан, Ойрхи Дорнодоор мэргэшсэн Майкл Галлахер, Сенатын Европ, Оросын асуудлаарх дэд хорооонд ажллаж байсан Дэн Важдич, Азийн асуудал эрхэлсэн Рейган Томпсон нар энэ ажлыг хариуцаж байна.
Ийнхүү зарим дэвшил байгаа ч Уокер одоо хэр нь үг хэлэхдээ БНН-ын дундаж сонгогчийн түвшинг хангахуйц бүрхэг томъёоллуудыг хэрэглэсээр байгаа юм байна. Сүүлийн удаа улс орноороо аялахдаа тэрбээр Ирантай тохиролцоо хийх, Орос, Хятадад үзүүлэх дарамтаа хүчтэй болгохоос татгалзахаа амлаж, батлан хамгаалах зардлыг огцом нэмэгдүүлэхгүй гэж хэлсэн байна. “Дайсныхаа шанаанд хутга тулгахыг зөвшөөрөх гадаад бодлого АНУ-д хэрэгтэй” гэж боддогоо ч тэрбээр нуусангүй.
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн заримынх нь гадаад бодлогын уриа нь хатуу ширүүн байгаа ч гэсэн бизнесмен, тэрбумтан, БННын сунгааг тэргүүлж байгаа Дональд Трампын хийж буй мэдэгдэлтэй энэ зэрэгцэх юм алга байна. Түүний үзэж буйгаар бол Мексикийн цагаачид бүгдээрээ гэмт хэрэгтэн, хүчирхийлэгчид тул энэ улсаас бетонон хана хэрмээр тусгаарлах ёстой гэнэ. “Исламын улс” саяхан Сирид зочид буудал барьж, Иракийн нефтийг өөрийн болгосон. Энэ бүхнийг америкчууд хурааж авах ёстой аж. Барак Обама олон улсын тавцан дээр их сул бодлого явуулж буйгаас Владимир Путиний хэмжээнд хүртэл хүндэтгэл хүлээж чадахгүй байна гэж Трамп үзэж байна.
Америкийн Засгийн газар өөртөө ашигтай ганц хэлэлцээр Хятадтай байгуулж чадсангүй. Байр сууриа ийн илэрхийлснийх нь дараа бизнесийн зарим түнш нь төдийгүй БНН-ын олон нөхөд нь Трампаас нүүр буруулжээ. Дональд Трамп гадаад бодлогын асуудлаар хэнээс зөвлөгөө аваад байгааг нь мэдэх гэж “Нью-Йорк таймс” сонин оролдоод тэр хүн нь Дональд Трамп өөрөө юм байна гэсэн дүгнэлт хийжээ. Энэ хүн менежерүүд хийгээд эзэнт улсыг нь удирддаг хүмүүсийнхээ багт түшиглэж