Энхтайваны өргөн чөлөө буюу Офицеруудын ордноос Таван шар хүртэлх автобусны буудлыг тусгаарлаж, хайс тавьж байгаа. Энэ нь угсраа автобус явж эхлэхтэй холбоотойгоос гадна буудалд автобуснаас өөр тээврийн хэрэгсэл орох, автобуснууд давхарлан зогсох зэргээс сэргийлсэн ажил гэнэ. “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”-ийн үйлдвэрлэлийн баазын дарга Д.Ганболд “Нэг буудалд 88 метр хайс тавьж байна. Одоогийн байдлаар нийт 1800 метрийг тавьчихаад байгаа. Энэ хайс метр нь 68 мянган төгрөгийн үнэтэй, 70 см өндөртэй. Мөн хайсыг халуун будгаар будсан тул арилж, өнгөө алдах нь бага. Нойтон алчуураар арчихад л өнгө орно. Үнэ өртгийн хувьд ч боломжийн. Хайс хийдэг бусад компанитай харьцуулахад хямдхан. Ази, Европын орнуудын ихэнх нь хайсаар замаа тусгаарладаг. Цаашид нэгдүгээр эгнээг бүхэлд нь биш юмаа гэхэд чухал хэсэгт нь хайс тавьж тусгаарлах хэрэгтэй. Турбоноор хийсэн хашлага нэг мөргөөд л мурийж, засвар авдаггүй. Харин энэ хайсыг 16 мм-ийн цул төмрөөр хийсэн, ширмэн хөлтэй учраас эвдрэл бага. Засвар ч амархан авна. Хашлаганы доод хэсгийг тэгшлэхэд жаахан төвөгтэй. Харин дээд хэсэг нь салгаад гагнах, хооронд нь сэлбэх боломжтой” гэв.