Жаргал, зовлонгийн алинд ч мөрийг нь түшээд суух аавтай байх сайхан. Гэвч аав гэдэг хүн үр хүүхдэдээ хүнд хэцүүгээ харуулдаггүй, Алтайн ноён оргил шиг ханхайж суудаг. Энэ л байдал нь биднийг тэднээс хөндийрүүлдэг юм шиг. Өнгөрсөн бямба гаригт аавуудын өдөр тохиолоо. “Өнөөдөр бол аав, хүүхэд хоёрыг ойртуулах хүндэтгэлийн өдөр” хэмээн Монголын Эрэгтэйчүүдийн холбооныхон онцолсон. Учир нь хүүхдүүдийн дөнгөж 30 хувь нь аавтайгаа дотно харилцаатай байдаг гэнэ. Иймээс тус холбоо санаачлан 2005 оноос гэр бүлийн ноён нуруу, өмөг түшиг аавуудыг хайрлаж, хүндлэн, тэдний нэр хүнд, үүрэг хариуцлага, үнэлэмжийг дээшлүүлэх зорилгоор баярын өдөртэй болгосон.
11 дэх жилдээ “Аав нараа хайрлая, хүндэтгэе” уриан дор энэ өдрийг өнгөрсөн бямба гаригт тэмдэглэсэн юм. Монголын эрэгтэйчүүдийн холбоо, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газартай хамтран бүх дүүрэгт “Хүүхэд хамгаалалд аавуудын оролцоо” сэдвээр аав болон хөвгүүдийн дунд хэлэлцүүлэг өрнүүлсэн. Түүнчлэн аавуудад зориулсан цэнгүүн зохион байгуулав. Цаг бусаар хөгжлийн бэрхшээлтэй болж байгаа хүмүүсийн 80, мэргэжлээр шалтгаалах өвчнөөр өвчлөгсдийн 90, амиа хорлогсдын 60, нас барагсдын 62.2 хувь нь эрэгтэйчүүд гэсэн судалгаа байна.
“Эрэгтэй хүүхэд учраа олно, эмэгтэй хүүхдээ л боловсролтой болгоё” гэсэн “уламжлалт” хандлага ч эрэгтэйчүүдийн боловсролд нөлөөлж буй юм. Үүний тод жишээ бол их, дээд сургуулийн оюутнуудын хүйсийн харьцаа. Тэдний 39.5 хувь нь эрэгтэй байгаа бол гадаадад ажиллагсдын 90-92 хувь нь эрчүүд байгаа юм. Эрэгтэйчүүдийн дундаж наслалт 2014 оны байдлаар 64.9, эмэгтэйчүүдийнх 74.3 байна. Аль ч улсад зөрүү байдаг ч манайх дэлхийн дунджаас 2.5 дахин их байгаа нь эрэгтэйчүүдийн эрүүл мэнд тулгамдсан асуудал болсныг харуулж буй юм.