Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг өнгөрсөн долдугаар сарын 8-нд шинэчлэн баталсан. Ирэх сарын 1-нээс хэрэгжих тус хуультай холбогдуулан тээврийн хэрэгслийн үзлэг оношилгооны хариуцлагын арга хэмжээг чангатгахаар болжээ. Энэ талаар Сонгинохайрхан дүүргийн Техникийн хяналтын үзлэгийн төвийн менежер О.Ганчулуунаас зарим зүйлийг тодрууллаа.
-Есдүгээр сарын 1-нээс техникийн үзлэгт хугацаанд нь оруулаагүй автомашиныг журамлана гэж зарим иргэн ярьж байна. Энэ үнэн үү?
-Үзлэгт оруулаагүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцвол автомашиныг журамлана гэж хуульд заагаагүй. Харин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн VI бүлгийн 30.1 болон 30.2- т зааснаар бүртгүүлээгүй, мөн техникийн хяналтын үзлэгт оруулаагүй, эсвэл үзлэгт тэнцээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувьтай тэнцэхүйц, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан. Одоо хэрэгжиж буй хуулиар оношилгоонд оруулаагүй тээврийн хэрэгслийн гэрчилгээг түр хурааж, хэтэрсэн хугацаанаас нь хамааран 5000-25.000 хүртэлх төгрөгөөр торгодог.
-Он гарсаар нийт хэчнээн тээврийн хэрэгсэл техникийн үзлэгт орсон бэ?
-Нийслэлд 380.000 орчим тээврийн хэрэгсэл техникийн үзлэгт орох ёстой. Үүний 120.000 орчим нь манай төвд үзлэгт орохоос 50 хувь нь хамрагдаад байна.
-Нийслэлд Техникийн хяналтын үзлэгийн хэдэн төв ажиллаж байгаа вэ. Ачаалал хэр их байна вэ?
-Нийслэлд Техникийн хяналтын үзлэгийн гурван төв бий. Баянзүрх дүүргийн Техникийн хяналтын үзлэгийн төв Амгаланд, Баянголынх Гурвалжингийн гүүр даваад байдаг. Сонгинохайрханых Сонсголонд байрлаж байна. Эдгээр нь ажлын өдөр 08.30- 20.30, амралтын өдөр 09.00-19.00 цагийн хооронд ажилладаг. Манайх одоохондоо ачаалал багатай байна.
Сонсголон болон Баянхошуунд хувийн хэвшлийн хоёр төв энэ жилээс ажиллаж эхэлсэн гэв. Замын цагдаагийн газраас мэдээлснээр есдүгээр сарын 1-нээс өмнө техникийн үзлэгт автомашинаа хамруулах ёстой жолооч нар тээврийн хэрэгслээ хугацаанд нь үзлэг, оношилгоонд оруулаагүй бол автомашиныг нь журамлах аж. Харин есдүгээр сараас хойш үзлэгт орох тээврийн хэрэгслүүдэд энэ нь хамаарахгүй юм байна.