Манай улс нийтийн тээврийн салбартаа дэлхийн улс орнуудын нэвтрүүлээд удаж буй цахим картын системийг өнгөрсөн сарын 24-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлж эхэлсэн. Уг үйлчилгээнд иргэд нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ автобусны буудал дээр байрлах ТҮЦ-ээс цахим картаа 3600 төгрөгөөр худалдан авч, өөрийн хүссэн хэмжээгээр цэнэглэж байгаа аж. Гэтэл одоог хүртэл цахим картаа худалдан аваагүй иргэд олон байгаа учир энэ нь автобус компанийнханд нэлээдгүй хүндрэл бэрхшээл учруулж байгаа аж. Тодруулбал, картаа аваагүй иргэд жолоочийн хажууд байрлах бэлэн мөнгөний хайрцаг руу зорчих 500 төгрөгөө тааруулан хийх ёстой. Эс бөгөөс кондуктор ажиллахгүй учир мөнгөний хариултыг өгөх боломжгүй байна. Энэхүү үйлчилгээнд иргэд сэтгэл хангалуун байгаа аж. Гэтэл зарим зорчигч 500 төгрөгөө өгөлгүй 200-300 төгрөг хийх тохиолдол гарч байгаа талаар автобусны жолоочид хэлж байсан юм. Энэ талаар тодрууллаа.
Автобус нэгдэлийн жолооч О.Жаргалсайхан
-Цахим картаар үйлчлүүлдэг болсноос хойш зорчигчид соёлтой үйлчлүүлэх болсон. Гэхдээ хүндрэл бэрхшээл ч багагүй гарч байна. Жишээлбэл, бүхэл 1000-5000 төгрөг гаргаж ирээд “Задгай байхгүй” гээд мөнгөө төлөхгүй байх тохиолдол байнга гарч байна. Бас 100 төгрөгийн дотор 10-20 төгрөгийн дэвсгэртийг ороогоод хийчихсэн тохиолдол ч гарч байсан. Уг нь иргэд картаа аваад уншуулж хэвших юм бол надад ч, бусад зорчигчдод ч чирэгдэл бага гарна шүү дээ. Гэтэл “Би заримдаа л автобусаар зорчдог” гээд карт худалдаж авах хүн байхгүй байна. Тийм болохоор бид өмнө нь биелүүлдэг байсан нормоо биелүүлж чадахгүйд хүрээд байна.
Түүнчлэн цахим үйлчилгээний талаарх иргэдийн байр суурийг сонирхсон юм.
Чингэлтэй дүүргийн наймдугаар хорооны иргэн Г.Сэлэнгээ: Би картаа хараахан худалдаж аваагүй байна. Одоогоор бэлэн мөнгөөр үйлчлүүлж байгаа. Цахим картаар үйлчлүүлдэг болсноос хойш иргэд бага ч болов соёлтой болсон гэж бодож байна. Өмнө нь автобусаар үйлчлүүлэх гэхээр харьцаа муутай кондукторууд хашхираад, согтуу хөлчүү хүмүүс их байсан шүү дээ. Харин одоо бол тийм зүйл байхгүй болсонд их баяртай байгаа.
Баянгол дүүргийн долдугаар хорооны иргэн Д.Хишигням: 500 төгрөгөөр үйлчлүүлэхэд хүндрэл бэрхшээл гарахгүй байгаа. Автобусанд согтуу хүн, мөнгөгүй хүн суухгүй болсон байна. Гэхдээ карт нь их үнэтэй юм. Тиймээс иргэд карт худалдаж авснаас мөнгөө төлөөд явъя гэсэн бодолтой байгаа нь ажиглагдаж байсан. Мөн хариулт буцааж өгөхгүй болохоор мөнгөө тааруулж л явахгүй бол иргэд хохирч үлдэх магадлалтай.
Баянзүрх дүүргийн нэгдүгээр хороо Ч.Баттөр: Би автобусаар мөнгөө төлөөд үйлчлүүлж байгаа. Ер нь цахим карт худалдаж авсан иргэд их цөөн байх шиг байсан. Уг нь бүгд аваад хэвших юм бол хэн хэндээ амар шүү дээ. Зарим нь ашиглаж үзээгүй, карт авч илүү зарлага гаргахыг хүсэхгүй байна гэх хүмүүс ч олон байна.
Сонгинохайрхан дүүргийн есдүгээр хороо Ц.Сүрэнхорол: Би саяхан хөдөөнөөс орж ирсэн болохоор картаа авч амжаагүй л байна. Карт худалдаалдаг цэгийг нь ч олохгүй юм. Хүмүүсийн ярьж буйгаар карт цэнэглэх бүрт шимтгэл төлдөг гэсэн. Зүгээр суугаад шимтгэл төлөхийг хүсэхгүй байна шүү дээ. Тэрний оронд 100, 500 төгрөгөө цуглуулаад явж байсан нь илүү амар байна. Үүнийг л иргэдэд ашигтайгаар шийдэж өгөөсэй гэж хүсэж байна. Тэгвэл хэн ч гэсэн соёлтой үйлчлүүлэхийг хүснэ шүү дээ.
Баянгол дүүргийн 15 дугаар хорооны иргэн Н.Баасанжав: Карт ашигладаг болсон цагаас нь эхлэн картаар үйлчлүүлж байна. Их амар боловсон үйлчилгээ гэж бодож байгаа. Картаа цэнэглэсэн тохиолдолд заавал 500 төгрөг авч явах шаардлагагүй.
Баянгол дүүргийн наймдугаар хорооны иргэн Б.Батжаргал: Цахим картаар үйлчлүүлэхэд бага зэргийн хүндрэл гарч байгаа. Гэхдээ үүний хэрээр үйлчилгээ нь илүү цэгцэрсэн болов уу гэж бодож байна. Гэхдээ картаа 3600 төгрөгөөр худалдаж аваад, дахиад өөрсдөө цэнэглэж байгаа нь иргэдэд хүндрэл учруулж байгаа байх. Үнэхээр л шинэ үйлчилгээг нэвтрүүлж байгаа бол бүх картыг уншдаг болгох хэрэгтэй. Байнга автобусаар зорчдоггүй, эсвэл машины дугаарын хязгаарлалтаар тухайн өдөр машин нь хөдөлгөөнд оролцдоггүй байвал картаа мартах тохиолдол гарч байгаа.
Сонгинохайрхан дүүргийн иргэн Ч.Батцэцэг: 500 төгрөгийн хомсдолд орж байгаа. Тэрнээс илүүтэйгээр картаа сунгуулахдаа илүү шимтгэл төлж байгаа нь таалагдахгүй байна. Бараг 500 төгрөг өгснөөсөө илүү түвэгтэй болж байгаа. Жишээлбэл, 5000 төгрөгөөр цэнэглэхэд 200 төгрөгийн шимтгэл төлж байна. Бас карт цэнэглэдэг цэгүүд нь их ховор байна. Өөрөөр хэлбэл, нэмэлт чирэгдэл ихтэй. Картаа үнэгүй сунгадаг болох хэрэгтэй. Картаа аваад соёлтой үйлчлүүлэхийг хүсэж байвч илүү мөнгө төлөхийг хүсэхгүй, бас мөнгөө төлөөд явах гэхээр 500 төгрөг тэр бүр олдохгүй байна даа.
Г.ЖАРГАЛМАА