Төмөр замын инженерүүдийн нэгдсэн холбооноос шинэ төмөр замын төслийн ажлын гүйцэтгэлийн явц, зүүн чиглэлийн төмөр замд хийсэн хөрс хуулалтын алдааны талаар мэдээлэл хийлээ.
“Монголын Төмөр зам” ТӨХК “Samsung C&T” компанитай гэрээ байгуулж, 200 гаруй сая ам.долларын санхүүжилтээр “Энержи Ресурс” компанид “Гашуун сухайт-Ухаа худаг”-ийн төмөр замын ажлыг эхлүүлсэн байна. Мөн туслан гүйцэтгэгч компаниудад 12 сая ам.долларыг нэмж олгохоор болсон аж. Гэвч “Samsung C&T” компани гэрээгээ цуцалж, туслан гүйцэтгэгч үндэсний 13 компаниудын гүйцэтгэсэн ажлын хөлсийг бүрэн төлж дуусгаагүй байна. Одоогийн байдлаар төмөр замын ажлын хөрс хуулалтын ажил 80 хувийн гүйцэтгэлтэй явж байгаа бөгөөд сүүлийн зургаан сарын турш зогсонги байдалтай байгаа аж. Мөн дээрх санхүүжилтээс газар шорооны ажилд 60-70 сая ам.долларыг зарцуулсан талаар Төмөр замын нэгдсэн холбооны ерөнхийлөгч Ч.Сүрэнхорлоо мэдэгдсэн юм.
Түүнчлэн УИХ-ын 2010 оны зургаадугаар сарын 24-ний өдрийн 32 дугаар тогтоолоор батлагдсан “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын хүрээнд Тавантолгой-Сайншанд-Баруун-Урт-Хөөт-Чойбалсан-Эрээн цав чиглэлд хөрс хуулалтын ажлыг хийж гүйцэтгэж байгаа ч санхүүжилт хийгдээгүйн улмаас зогссон байна.
Тухайлбал, 2011 оны дөрөвдүгээр сарын 25-нд “Монголын Төмөр зам” ТӨХК, “Кэй Эйч Эн Ар” ХХК-тай 4.8 тэрбум төгрөгийн, “Транскон” ХХК-тай 5.1 тэрбум төгрөгийн гэрээ байгуулж, 10 орчим тэрбум төгрөгийн өртөгтэй 100 километр төмөр замын хөрс хуулалтын ажил хийж гүйцэтгэсэн ч өдийг хүртэл санхүүжилтээ авч чадаагүй байна.
Энэ талаар Монголын Төмөр замын нэгдсэн холбооны ерөнхийлөгч Ч.Сүрэнхорлоогоос тодрууллаа.
-Санхүүжилт яагаад гацсан юм бэ?
-“Монголын Төмөр зам” ТӨХК “Samsung” компанитай байгуулсан гэрээ болоод Монголын туслан гүйцэтгэгч компаниудтай байгуулсан гэрээний явцад үл ойлголцол гарч, хөрөнгө оруулагч тал буюу “Samsung C&T” компани гэрээгээ цуцалсан.
-Энэ талаар төрийн өндөрлөгүүдэд мэдэгдэл хүргүүлнэ гэсэн?
-Тийм ээ. Бид Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, УИХ-ын дарга З.Энхболд нарт өнөөдөр мэдэгдэл хүргүүлж байгаа. “Монголын төмөр зам” ТӨХК-ийн тайлангаас Чингис бондын санхүүжилтээс 199.8 сая ам.долларыг “Ухаа худаг-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын суурь бүтэц ажилд “Samsung C&T” компанид төлсөн гэж байдаг. Өнгөрсөн хугацаанд тус компани зөвхөн доод бүтцийн ил шорооны ажил хийж гүйцэтгэсэн гэхээр үлдсэн 133.6 сая ам.долларын санхүүжилт хаашаа алга болсныг мэдэх хэрэгтэй. Тиймээс энэ тал дээр анхаарч өгөхийг төрийн удирдлагуудаас хүссэн юм.
Г.Жаргалмаа