Эрүүл мэнд, спортын яам, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн 40 гаруй албан хаагч “Хог bucket challenge”-д нэгдэн, Баянзүрх дүүргийн XIV хорооны гэр хорооллын нийтийн эзэмшлийн гудамж талбайг цэвэрлэлээ. Тус хороо нь нам дор газар байрладаг учир үер усанд амархан автдаг, хөрсний бохирдол ихтэй гэнэ. Тиймээс тэд ил хог хаягдлыг нь цэвэрлэснээс гадна хөрсийг ариутгаж, айлуудын бохирын цооног, жорлонг халдваргүйжүүлсэн байна. Түүнчлэн бохирдол ихтэй гурван газраас дээж авч, хүнд металь, (хар тугалга, кадми, зэс, цайр) болон бактереологийн нянгийн тоо, гэдэсний бүлгийн бичил биетэн, эмгэг төрөгч бактери, бичил биетэн байгаа, эсэхийг нийт найман үзүүлэлтээр шинжилж байгаа аж.
Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн 2013 онд хөрсний бохирдолд судалгаа хийж, Баянзүрх, Сүхбаатар, Баянгол дүүргийн хөрс хамгийн их нянтай, химийн хорт бодисууд агуулсан байгааг тогтоосон. Үүнээс болж гэдэсний төрөл бүрийн халдварт өвчин, цусан суулга, сүрьеэ, бруцеллёз, халдварт шар, цагаан хорхой зэрэг өвчин үүсдэг. Тиймээс ус, агаарын бохирдлыг багасгах, эрүүл ахуйн шаардлага хангасан нийтийн бие засах газрын тоог олшруулах, хог хаях цэг, зориулалтын хогын савыг хүртээмжтэй, хэрэгцээтэй газарт нь байрлуулах, ариутгал халдваргүйжүүлэлтийг зохих стандартын дагуу хийж занших шаардлагатайг эрүүл мэндийн байгууллагынхан зөвлөж, “Хог_bucket_challenge”-д нэгдэхийг уриаллаа.