Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаанаар “Нийслэл хотын албан татвар суутгагчийг бүртгэх, бүртгэлээс хасах, мэдээлэл солилцох журам”-ын төслийг хэлэлцлээ.
Тодруулбал, нийслэл хотын албан татварын тухай хуулийн хэрэгжилтийг хангах бэлтгэл ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан юм. Тус ажлын хэсгээс “Нийслэл хотын албан татвар суутгагчийг бүртгэх, бүртгэлээс хасах, мэдээлэл солилцох журам”-ын төслийн боловсруулж, нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаанд танилцуулжээ. Энэхүү журам нь найман бүлэгтэй бөгөөд нийслэл хотын албан татварын тухай хуульд заасан албан татвар суутгагчийг бүртгэх, нэмэлт өөрчлөлт оруулах, бүртгэлээс хасах, мэдээллийг санд бүртгэгдсэн харилцааг зохицуулах зорилготой юм.
Үүнд дурдсанаар нийслэлийн албан татварын тухай хуульд ногдуулах албан татварыг хүн амын хэрэглээнд ногдуулснаар хүний эрүүл мэндэд хортой, тансаг, чамин, хээнцэр, үр ашиггүй хэрэглээг хязгаарлах зэрэг үндэслэлээр хувь хэмжээг 1.0 хувиар тогтоохоор төслийг боловсруулав. Нийслэл хотын албан татварын тухай хуулийн долдугаар зүйлийн 7.1-д заасан барааны жилийн орлогод 1.0 хувиар албан татвар ногдуулахад 11.7 тэрбум төгрөг, 7.2-т заасан үйлчилгээний жилийн орлогод 1.4 тэрбум төгрөг, нийт 13.2 тэрбум төгрөгийн татвар орон нутгийн төсөвт төвлөрөх төлөвлөөгөөтэй байгаа аж. Уг асуудлыг нийслэлийн Удирдлагын зөвлөлийн гишүүд хэлэлцээд нийслэлийн ИТХ-ын Хуралдаанд өргөн барихаар болжээ.
Г.Жаргалмаа