Хэнтий аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар тэргүүтэй албаны хүмүүс ӨМӨЗО-ны Шилийн гол аймаг, БНХАУ-ын Ляо Нин мужийн Жин Жөү хотод ажлын айчлал хийгээд иржээ. Тэрбээр Шилийн гол аймаг, Улаанхад, Түн Ляо хот болон Монгол Улсын зүүн бүсийн аймаг хоорондын “3+3” бүс нутгийн хамтын ажиллагааны анхдугаар чуулга уулзалтад оролцсон нь энэ аж. Ж.Оюунбаатар “Монгол Улсын Засгийн газар Хэнтий аймгийг зүүн бүсийн аялал жуулчлалын төв болгох шийдвэр гаргасан. Манайх түүх соёлын дурсгалт газар олонтой учир аялал жуулчлал хөгжүүлэх бүрэн боломжтой. Зүүн бүсийн Бичигтийн боомтыг Сүхбаатар аймагтай төмөр зам, хатуу хучилттай авто замаар холбосноор манайх Зүүн бүсийн аялал жуулчлалын төв нутаг болоход чухал ач холбогдолтой. Энэ нь далайд гарцтай болох хамгийн төд зам” гэсэн бол өмнөдийнхөн Монголд ирэх сонирхолтой ч дамжлага олонтой. Хоёр улс хоорондын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа сайжрах өргөн боломж байгаа ч тээвэр ложистикийн дэд бүтэцгүй зэрэг бэрхшээл байгааг түүнд хэлжээ.
Дашрамд өгүүлэхэд, зүүн бүсийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, далайд гарцтай болоход гол түшиц газар нь Ляонин мужийн Жин Жөү хот аж. Тус хотын дарга Люй Шинвэй өнгөрсөн тавдугаар сард Хэнтий аймагт айлчилсан бөгөөд талууд хамтран ажиллахаар болсон гэнэ.