Мөнгөн арслан бүхий лацны тэмдэг, дардас, шүгэл хамгийн түрүүнд нүдэнд тусав. Үүнийг манай улсын прокурорууд 1935 онд хэрэглэж байжээ. Цаашлаад прокурорын хувцас, олон улсын тэмцээнээс хүртсэн шагнал, цом, үе үеийн удирдлага, гавьяат хуульчдын гэрэл зураг гээд прокурорын байгууллагын түүхийг өгүүлэх Алдрын танхим өчигдөр үүдээ нээлээ.
Тодруулбал, Монгол Улсад прокурорын байгууллага үүсэж хөгжсөний 85 жилийн ойг угтан Алдрын танхим байгуулсан нь энэ.
Түүх сөхвөл 1930 оны дөрөвдүгээр сард хуралдсан БНМАУ-ын VI их хурлын шийдвэрийн дагуу Улсын Бага Хурлын тогтоолоор Улсын прокуроруудаас гүйцэтгэх эрх үүргийн дүрэм батлан гаргаснаар манай улсад прокурорын байгууллага сууриа тавьжээ.
“Ахмад үеийнхнийхээ ажил хөдөлмөрийг алдаршуулах зорилгоор энэ танхимыг байгуулсан. Мөн залуу прокурорууд болон иргэдэд байгууллагынхаа түүхийг таниулах, ойлгуулах, гадаадын зочдод үзүүлж сонирхуулахад чухал нөлөөтэй” гэж Р.Мөнхтариа прокурор нээлтийн үеэр хэлэв.
Хүссэн хэн ч болов тус танхимд саатан, прокурорын байгууллагын түүхтэй танилцах боломжтой гэсэн. Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг, цаазаар авах хүнд уншиж сонсгох бичиг зэрэг баримт нь залуу прокурорууд, энэ чиглэлээр сурах хүсэлтэй залууст гарын авлага болмоор санагдсан.
Мөн энэ үеэр Монгол Улсын ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан прокурорын туслах ажилтнаар ажиллаж байсан 11 хүнийг прокурорын албан тушаалд томилов.
Тэд тангараг өргөснөөр нийслэлийн дүүргийн болон зарим аймгийн прокурорын газарт ажиллах эрхтэй болсон юм. Дашрамд дуулгахад, манай улсад 510 гаруй прокурор, 200 орчим прокурорын туслах ажилтан байдаг аж.
Ч.ТУЯА