БНЧУ-ын Засгийн газраас манай орны ойн салбарт буцалтгүй тусламж хэлбэрээр нэг сая орчим ам.долларын өртөгтэй “Монгол орны ойн болон орон нутгийн ой модны генийн сангийн хөгжил” нэртэй төсөл хэрэгжүүлэхээр болжээ. Уг төсөл үрийн аж ахуйг нэмэгдүүлэх зорилгоор 2015-2017 он хүртэлх хоёр жилийн хугацаанд Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудад хэрэгжих юм байна. Манай орон 1970 онд анхны ойжуулалтаа хийсэн бол БНЧУ-ын ойн салбар 200 гаруй жилийн түүхтэй аж. Төслийг хэрэгжүүлэгч талууд өнгөрсөн долдугаар сарын 7-нд гэрээнд гарын үсэг зурсан бол өчигдөр албан ёсны нээлтээ хийлээ. Нээлтийн үеэр БОНХАЖЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл “Төвлөрсөн эдийн засгаас зах зээлд шилжих 25 жилийн хугацаанд ойн салбар уналтад орсон гэж хэлж болно. Тэр дундаа үрийн асуудал орхигдсоор ирлээ. Ойн салбарыг зөв зохистой хөгжүүлэхийн тулд сайн чанарын үр боловсруулах хэрэгтэй. Ийм үрнээс сайн чанарын л мод ургана” гэв.
Манай орны үрийн лабаротор 1970 онд байгуулагдсан бөгөөд нэг ч удаа шинэчлэгдэж байгаагүй тухай мэргэжилтнүүд хэллээ. Харин уг төслийн хүрээнд үрийн лабароторийг орчин үеийн технологитой болгохоор БНЧУ-ын ойн салбарын хоёр мэргэжилтэн Дархан-Уул аймагт судалгаа хийж байгаа гэнэ. Тэд тус аймаг дахь ХААИС-ын харьяа Ургамал, Газар тариалангийн сургалт, эрдэм шинжилгээний хүрээлэнд 100 мянга орчим тарьц ургуулах “Патрик” технологийн мод үржүүлгийн загвар төв байгуулах ажээ. “Патрик” технологи гэдэг нь сайн чанарын үр бэлтгээд, түүнийгээ бортгонд тарих үйл явцийг хэлдэг байна.