Бөглөрсөн бохирын худгийн усыг соруулахаар ажиллаж байсан таван хүн угаартсан хэрэг энэ сарын 10-нд гарчээ. Тэд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутагт байрлах төмөр замын Чойр өртөөн дэх бөглөрсөн бохирын худгийн усыг соруулахаар очсон байна. Гэтэл нэг нь худагт орсон даруйдаа ухаан алджээ. Түүнийг гаргахаар орсон дөрвөн хүн мөн л ухаан алдсан байна. Харин энэ үеэр ээжийгээ галт тэргэнд суулгахаар явж байсан тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 37 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, дэд ахлагч Ц.Батхишиг, аврагч-жолооч, дэд ахлагч Б.Дарханхишиг нар тэднийг харж, амийг нь аварчээ. Аймгийн Онцгой байдлын газарт 13.17 цагт дуудлага ирж, энэ дагуу аврах ангийнхан очиход тэднийг худгаас гаргасан байж.