Нийслэлийн Тээврийн газраас автобусны чиглэлийн давхцалыг арилгахаар болжээ. Нийтийн тээврийн сүлжээ, үйлчилгээний дахин төлөвлөлттэй холбоотой асуудлаар нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөр болон албаны хүмүүс өчигдөр мэдээлэл хийлээ. Энхтайваны өргөн чөлөөгөөр 18.7 метр урт угсраа автобус явах болсонтой холбогдуулан 19 чиглэлийн 350 автобус явдгийг 11 чиглэлд 250 болгож цөөлсөн байна. Энэ төлөвлөлт наймдугаар сарын 15-наас хэрэгжиж, Офицеруудын ордноос Таван шар хүртэл автобуснууд богино эргэлтээр явах аж. Гэхдээ өнгөрсөн жилийнх шиг өөрчлөлт хийгээгүй, нийтийн тээврийн 30 орчим хувийн чиглэлийг шинэчилжээ. Шинэ чиглэлтэй холбоотой 50 мянган танилцуулга материалыг иргэдэд тараах гэнэ. Түүнчлэн Нийтийн тээврийн газар дунд оврын 30 шинэ автобус авсан бөгөөд тэдгээрийг хотын захын буюу Найрамдал, Биокомбинат, Эмээлт, Хонхор зэрэг чиглэлд явуулахаар болжээ. Төв замаар угсраа автобус явахтай холбоотойгоор Таван шар, Офицеруудын ордны автобусны буудлыг засаж, эл автобуст эцсийн зогсоолоос буцаж эргэх боломж бүрдүүлсэн байна. Мөн Энхтайваны өргөн чөлөөн дэх 11.7 км замын нэгдүгээр эгнээг засан, автобусны буудлын зогсоолын хэсгийг тэлж, засвар хийж байгаа бөгөөд ажил 85 хувьтай яваа гэнэ. Уулзваруудад цацруулагч, автобусны буудлуудад хайс тавьжээ. Энэ бүгдэд нийслэлийн төсвөөс 1.5 тэрбум төгрөг зарцуулсан байна. Нийт 3000 хайс тавихаас 1710-ыг суурилуулсан аж.