Улз голын сав газрын ОХУ-тай хиллэдэг хэсгээр сүүлийн жилүүдэд түймэр ихээр орж ирж, экологи, эдийн засгийн хохирол учруулах болжээ. Улз голын сав газрын Усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөнд ОХУын хилийн дагуу түймрээс урьдчилан сэргийлэх зурвас татахаар тусгасан байдаг аж.
Үүний дагуу өнгөрсөн онд Улсын төсвийн 150, Дорнод аймгийн Байгаль хамгаалах сангийн 100 сая төгрөгөөр Чулуунхороот сумын нутаг, гурван улсын хилийн заагаас Баян-Уул сумын нутаг Өвөр тогторын застав хүртэлх 250 км газар зурвас татжээ.
Дорнод аймгийн Байгаль хамгаалах сангийн 60 сая төгрөг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн санхүүжилтээр БОНХАЖЯ-наас хэрэгжүүлдэг “Экосистемд түшиглэсэн дасан зохицох арга хэмжээг уур амьсгалын өөрчлөлтөд өндөр эрсдэлтэй голуудын сав газарт хэрэгжүүлэх нь” МОН/12/301 төслийн санхүүжилтээр энэ ажил өдгөө хоёр дахь жилдээ үргэлжилж буй юм байна.
Энэ онд Дорнод аймгийн Баяндун сумын Шиврийн постоос Баян-Уул сумын Тогторын застав хүртэл 80 гаруй км газарт 10-13 метр өргөн, 30-40 см гүн зурвас татсан байна.
Уг ажлыг үргэлжлүүлэн өдгөө Баян-Уул сум, хилийн дагуух зурвасыг 60 орчим км-ээр өргөтгөхөөр ажиллаж буй гэнэ.
Ч.МӨНХ