Туялзуур сэлэмний залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээн болон Азийн туялзуур сэлэмний холбооны ерөнхий ассемблейг анх удаа Монгол Улсад зохион байгуулах нь.
Ирэх сарын 7-12-нд болох тэмцээнд Ази, Номхон далайн орнуудын 35 улсын 250 гаруй сэлэмчин оролцож, 16 улсын 19 шүүгч шүүнэ. 2013 онд Бангкокт болсон ассемблейн үеэр Арабын нэгдсэн Эмират улстай энэ тэмцээнийг зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдсөн аж.
Харин өнгөрсөн жил Филиппинд болсон чуулганы үеэр энэ удаагийн ассемблейг зохион байгуулах эрх авчээ. Энэ талаар Монголын туялзуур сэлэмний холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Хосбаяраас тодрууллаа.
-Чуулганы үеэр ямар асуудал хэлэлцэх вэ?
-Ирэх сарын 7-нд болох Азийн туялзуур сэлэмний холбооны 36 дахь хуралд 35 улсын 80 гаруй төлөөлөгч оролцоно. Энэ үеэр Олон улсын туялзуур сэлэмний холбооны ерөнхийлөгч, Оросын тэрбумтан Алишер Усманов хүрэлцэн ирнэ.
Есдүгээр сарын 6-нд удирдах зөвлөлийн 15 гишүүн хуралдаж, холбооны дүрмийн хэд хэдэн өөрчлөлтийн талаар ярилцах юм.
Энэ үеэр 2017 оны аварга шалгаруулах насанд хүрэгчид, залуучууд, өсвөрийн тэмцээн зохион байгуулах улс шалгаруулах санал хурааж, ирэх жилийн олимпийн эрх олгох Азийн бүсийн тэмцээний удирдамж батална.
Хэдийгээр манай холбоо байгуулагдаад удаагүй, тус тэмцээнд хоёр дахь удаагаа л оролцох гэж байгаа ч энэ жил Монгол Азийн туялзуур сэлэмний төв болох нь.
-Монголын тамирчид ямар амжилтууд гаргаж байв?
-Манай холбоо 2009 онд байгуулагдсанаас хойш 140 гаруй гишүүнтэй болсон. 2010 оноос тамирчид бэлтгэж эхэлсэн. Азийн хүүхдийн спортын наадамд шилдэг 16-д, Инчоны наадамд эмэгтэй тамирчин 16-д, хоёр эрэгтэй нь эхний 32-т үлдсэн.
Гуанжоуд болсон олон улсын тэмцээнд багаараа алтан медаль хүртсэн. Монголоос энэ удаагийн тэмцээнд 10 тамирчин хоёр төрөлд өрсөлдөнө. Хятад, Узбекистан, БНСУ-д хамтарсан бэлтгэл хийсэн.
Тамирчдын амжилтаас гадна дээрх тэмцээн, чуулганаа өндөр түвшинд зохион байгуулах нь бидний гол зорилго.
-Гадаадын чансаатай тамирчдаас хэн хэн ирэх вэ?
-2020 оны Токиогийн олимпт бэлдэж буй тамирчин оролцоно гэсэн. 2016 оны олимпийн эрх авах тамирчид тэмцээндээ ид бэлдэж байгаа тул оролцохгүй юм билээ.
Б.ДӨЛ