Өнөөдөр 14.00 цагийн орчимд “Сутайн буянт” компанийн 5-005 дугаартай автобус 3, 4 дүгээр хорооллын эцэс дэх автобусны буудалд зогсох гэж байхдаа замын хашлага давж, буудлын саравч, сандлыг мөргөсөн хэрэг гарлаа.
Энэ талаар тодруулахаар “Сутайн буянт” компанийн мэдээллийн ажилтантай холбогдлоо.
-Өнөөдөр 3, 4 дүгээр хороололд танай компанийн автобус замын хашлага давж, зогсоолын саравч, сандал мөргөсөн хэрэг гарсан байна. Ямар шалтгаанаар замын хажуу руу орсон юм бол?
-Автобусны тоормос ажиллагаагүй болсон гэсэн.
-Ослын улмаас хүн бэртэж гэмтсэн үү?
-Автобусны зогсоол дээр байсан хүмүүс бэртэж гэмтээгүй. Харин автобусанд явж байсан нэг хүүгийн толгой хагарч, нэг эмээгийн хөл гэмтсэн гэсэн. Тэр даруй Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэж өгсөн. Биеийн байдал нь ямар байгаа талаар одоохондоо мэдээлэл ирээгүй байна.
-Автобусны тоормос ямар шалтгаанаар эвдэрсэнийг тогтоосон уу?
-Одоогоор (14.20 цагт) автобусыг байрнаас нь хөдөлгөөгүй байгаа. Замын цагдаагийн ажилтнууд ирж, хэмжилт хийж ослын шалтгааныг тодруулж байна.