Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын 2012 оны Виз олгох нөхцлийг хөнгөвчлөх тухай хэлэлцээр байгуулны дагуу тус улсад зорчих иргэдэд 90 хүртэлх хоногийн хугацаатай виз олгож байгаа. Гэтэл сүүлийн үед БНСУ руу аялал, жуулчлахаар зорчсон монголчуудын олонх нь хөдөлмөр эрхэлж, “гурван сарынхан” гэсэн нэр зүүгээд буй. Ингэж хөдөлмөр эрхэлж буй иргэд ажил олгогчтой албан ёсны хөдөлмөрийн гэрээ байгуулах боломжгүй. Үүнтэй холбоотой амь нас, эрүүл мэнд нь эрсдэлд орсон тохиолдолд ямар нэгэн даатгалд хамрагдах эрхгүйг Гадаад хэргийн яамнаас анхаарууллаа.
Зөвхөн хөдөлмөр эрхлэх визтэй тохиолдолд л БНСУ-ын Хөдөлмөрийн стандартын тухай, Үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөрийн тухай, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулиар эрхээ хамгаалуулах боломжтой юм байна. Үүнээс гадна ажлаас халагдсаны тэтгэмж болон нутаг буцах зардлын даатгалд хамрагдах аж. Гэтэл иргэд үүнийг мэдэхгүйгээс үйлдвэрийн осолд өртөж, амь нас, эрүүл мэндээрээ хохирч, хэн нэгнээс нөхөн төлбөр авах боломжгүй нөхцөлд ажиллахаар хошуурч байна гэж албаны хүмүүс хэллээ. Иймд БНСУ-д хөдөлмөр эрхлэхээр төлөвлөж байгаа бол зохих ангиллын виз, зөвшөөрлөө хуулийн дагуу авахыг Гадаад хэргийн яамнаас зөвлөв. Хөдөлмөрийн гэрээгээр ажиллахтай холбогдсон мэдээлэл, зөвлөмжийг Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа мэдээллийн үндэсний төвийн www.labornet.mn цахим хаягаар аваарай.