Цэцэрлэгийн бүртгэл энэ сарын 25-нд эхэлнэ. Эцэг, эхчүүд хүүхдээ цэцэрлэгт оруулахын тулд танил тал, ар өврийн хаалга хэрэглэхээс өөр аргагүй нөхцөл энэ жил ч мөн үргэлжлэх нь.
Нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн насны 116.570 хүүхэд байгаагаас 88.000 гаруй нь л хамрагдах боломжтойг нийслэлийн Боловсролын газраас мэдээлсэн.
Гэхдээ цэцэрлэгт хамруулалт өнгөрсөн жилийнхээс хоёр хувиар нэмэгдсэн гэнэ. Мөн 24 сургууль гурван ээлжээр хичээллэхэд хүрчээ.
Сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ хангалтгүй байгаа энэ үед нийслэлийн Засаг даргын орлогч С.Очирбат болон албаны хүмүүс нийслэлийн хөрөнгөөр барьж буй бага сургууль, цэцэрлэгийн 14 цогцолборын барилгын ажилтай өчигдөр танилцав.
Эдгээр цогцолбор ашиглалтад орсноор 3000 гаруй хүүхэд боловсрол эзэмших боломж бүрдэж, гурван ээлжээр хичээллэдэг сургуулийн тоо цөөрнө.
Хан-Уул дүүргийн X, XV хороонд барьж байгаа бага сургууль, цэцэрлэгийн цогцолборууд л гэхэд ирэх аравдугаар сард ашиглалтад орно. Харин XIV хороо буюу Өлзийт хороолол дахь цогцолборын ажил удаашралтай байгааг албаныхан хэлж байсан юм.
Шалтгаан нь тус хорооллын цахилгааны хүчин чадал хүрэлцэхгүй байгаагаас гүйцэтгэгч компанийнхан цахилгааны эх үүсвэрээ өөрсдөө шийдэж байгаа гэнэ.
Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн Баруунсалаа, Баянгол дүүргийн VII хороонд бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барьж байлаа.
Э.ЭРДЭНЭ