Нэг хэсэг хүн баярлаж, нэлээд хүн гуниглахаар хуулийг УИХ уржигдар орой баталлаа. Хөшигний цаана хэлэлцэн тохиролцоод баталсан Өршөөлийн тухай хуулиар хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн эмэгтэйчүүд, хүүхдүүд голдуу 3000 гаруй хоригдлыг суллана.
Амьдралдаа нэг алдчихаад гэмшиж суугаа хүмүүсийн хувьд энэ өршөөлд талархаад баршгүй. Тэд төрийн хайрыг дааж, цаашдаа зөв амьдрах үүрэг хүлээж байна. Гэвч энэ далбаан дор авлига, албан тушаалын хэргээр ял авсан, шалгуулж буй эрхмүүдийг өршөөж буй.
Улстөрчдийн анхаарал яг энэ хэсэгт л төвлөрсөн нь мэдээж. Сөрж, шүүмжлэхийн төлөө төрчихсөн мэт байдаг зарим улстөрч энэ удаа юу ч хэлсэнгүй. Түшээд Хууль зүйн байнгын хороо, чуулганы хуралдаанаар уг асуудлыг ярих мөчийг догдлон хүлээж байсан гэхэд хилсдэхгүй.
МАХН. Энэ намын гишүүдийн магнай хагарах шахам баярлаж байна. Ерөөс энэ намаас УИХ-д сонгогдсон долоон эрхмийн туйлын зорилго нь Өршөөлийн тухай хууль батлуулж, намын дарга Н.Энхбаяраа ялаас чөлөөлөх явдал байсан.
Удаа дараа зүтгүүлж, “Хамтарсан Засгийн газраас чинь гарчихна шүү” хэмээн айлгаж, сандаргаж байж батлуулсан хууль учраас аргагүй.
Гол нь уг хуулийг батлах “хувьсгалын тохироо” бүрдсэн байжээ. Одоо тэд намын даргынхаа өмнө нүүр бардам байж чадна. Бас ёслол төгөлдөр хүлээж авах л үлдэж байна.
МАН. “Коммунист дэглэмийг буцаан авчирлаа, барина хорино гэсэн үг байсхийгээд сонсогдох боллоо” хэмээн шүүмжилдэг тус намынхан ч бас юм дуугарсангүй.
Харин ч хүч хавсраад хуулиа батлав. Өрсөлдөгч нь эрх барих явцдаа тэдний намын цөөнгүй албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, хорьсон юм хойно аргагүй. УИХ-ын гишүүн асан Д.Дондог, Ц.Батбаяр гээд суллаж авах хүн энэ намд бишгүй байсан.
АН. УИХ-д хамгийн олон суудал авч, Засгийн газрыг бүрдүүлэх эрх авснаас хойш тус намынхан нэг нэгнээ барьж хорихдоо мэргэшсэн. Олон фракцтай, тэднийх нь эрх ашигт нийцүүлэн аливааг шийдэхгүй бол намаа байтугай төрийг ч бужигнуулах чадвартай учраас асуудал их бий.
УЕПГ-аас мөрдөн байцаах албыг нь салгаж, АТГ-т шилжүүлмэгцээ өнөөх байгууллагаа “анчин” болгож хувиргасан хүмүүс энэ л намынх. Дургүйг нь хүргэсэн, замд нь хөндөлдсөн бүхнийг АТГ-аар шалгуулаад барьж хорьж эхэлсэн тул гишүүд нь тус бүртээ айдастай байв.
Албан тушаал, эрх мэдлийн төлөө АН-ынхан Ерөнхий сайдаа огцруулсан. Зүгээр ч нэг огцруулж чадахгүй байсан учраас эргэн тойрноос нь эхэлж “агнасан”. Ерөнхий сайдын зөвлөх Л.Гансүх, хүргэн дүү Г.Дэнзэн нар нь одоо эрх чөлөөтэй болж байна.
Дээрээс нь Тавантолгойн ордод тал бүрийн эрх ашгаа гаргаж, “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал байсан Я.Батсуурийг шалгаж, саатуулсан. Тэр ч бас наранд гарч байна. АН-ынхан дотроо үүссэн талцал, түүнд нь “золиос” болсон, бас албан тушаалаа хэтрүүлэн ашигласан хүмүүсээ суллахаар санал нэгджээ.
“Урьдын өс хонзонгоо мартаад нэг намын нөхөд шиг байцгаая” гэж буй бололтой. Ингэснээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж буй 55 хэргийн 45 нь өршөөгдөж байна. Тус хэлтсийн тоон судалгаанаас үзэхэд дээрх 45 хэрэг дээр прокурор, шүүхийн шатанд яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн 18 хэргээс 14, түдгэлзүүлсэн 24 хэргээс 16-г нэмж өршөөх нь.
Өөрөөр хэлбэл, албан тушаалтантай холбоотой нийт 75 хэрэгт холбогдсон 144 хүнийг өршөөж буй гэнэ. Тэдний төрд учруулсан хохирол 32.4 тэрбум төгрөг. Үүнийг яах нь тодорхойгүй. Энэ бүх үйл явцыг харахад АТГ-ыг мангас болгож ашиглаад байсан үеэ АН-ын зарим улстөрч мартахаар шийджээ.
Үнэндээ “Сонгууль дөхлөө, эвтэй найртай амьдарцгаая л даа” хэмээн намын дарга З.Энхболд эелдэг дуугаар сэм уриалсан биз. Улс орноо авлигын гэмт хэргээс цэвэрлэнэ гэхээсээ илүү улс төрийн намууд, ялангуяа АН-ын хэсэг улстөрчийн зааснаар барих, хорих, шалгах ажиллагаа явуулдаг болчихсон байсан АТГ-ын хэрэг одоо үгүй болжээ.
Гэхдээ АН-ынхан З.Энхболд даргынхаа уриалж, хүссэн шиг эв найртай хамт олон байж чадах болов уу. УИХ-ыг бүрдүүлж буй эрх баригч, сөрөг хүчний аль алинд хоригдож, шалгуулж буй албан тушаалтнуудаа наранд гаргах зорилго байсан учраас үг дуугүй нэгдэж, Өршөөлийн хуулийг баталсан нь энэ.
“Өршөөх л байсан юм бол барьж, хорьж, шалгаж бөөн юм болох хэрэг байсан юм уу. Ер нь хууль гаргаад л суллачих юм бол АТГ байх хэрэгтэй юү” гэсэн шүүмжлэл өрнөж байна. Бас Монголд эрх зүйт төр үгүй боллоо хэмээн харуусах хүн олшров.
Үнэндээ Монголд хууль, төрийн хэргийг намууд, улстөрчид яриад л шийдчихдэг болсны нэг баталгаа нь эмэгтэйчүүд, хүүхдүүдийг өршөөх нэрээр баталсан уг хууль болж байна. Гэм буруутай нь шүүхээр тогтоогдоогүй байхдаа өршөөгдсөн Г.Дэнзэнд бол гомдолтой л байгаа.
“Шударга үнэнийг тогтооно” хэмээн тэр хориход өлсгөлөн зарлаж, эрүүл мэндээ хохироосон нь одоо үнэ цэнэгүй. Нөгөө талаар хэрэг хийгээгүй хүнийг өршөөх боломжгүй. Тэгэхээр мөрдөн шалгуулж байгаад уг хуулиар өршөөгдөж буй бүх хүн гэмтэй байж болох нь.
Юутай ч хууль баталчихлаа, нэлээд хүнээ суллачихлаа. Одоо тэдний учруулсан хохирлыг барагдуулах ёстой. Хууль баталсантай холбогдуулан өчигдөр Хууль зүйн байнгын хорооноос комисс байгуулсан. Тэд учрыг нь олж хужрыг нь тунгаангаа “мартагнуулах” арга олох болов уу.
Өршөөлд хамрагдсан албан тушаалтнуудын дунд зүгээр л хэн нэгний өмнөөс золиосонд явсан хүмүүс байж болох ч шүүхээр буруутайг нь тогтоогоод ял оноочихсон буруутнууд бас бий. Тиймээс УИХ-ын энэ шийдвэр гэм хийсэн ч хууль гаргаад л суллачихна гэсэн буруу жишиг тогтоож буй юм.
Ялангуяа албан тушаалтнууд одоо тун ч “өөдрөг” байх нь. Уг нь өршөөж болох ч өөгшүүлж болохгүй баймаар. Тийм ч учраас Төрийн тэргүүн уг хуульд хориг тавихаар төлөвлөж байгаа аж.
С.ТУУЛ