Афганистаны талибуудын удирдагч Омар амиа алдсан гэж Англи, Америк, Пакистаны хэвлэлүүд өнгөрсөн сарын 29-ний лхагва гаригт мэдээллээ. Үнэн хэрэг дээрээ “Талибан”-ы тэргүүнийг хоёр жил гаруйн өмнө сүрьеэ өвчнөөр нас барсан гэж үздэг.
Хэвлэлүүд түүнийг нэг бус удаа оршуулсан ч өрөөсөн нүдтэй, сахал үстэй тэр хүн дайснуудаараа даажигнах мэт өөрийн шийдвэрүүдээ гаргаж, олон түмэнд хүрсээр ирсэн юм.
Түүнийг үхсэн гэх мэдээлэлд итгэх эсэх хийгээд хэрэв үхсэн бол түүнээс хойших “Талибан” хөдөлгөөнийг юу хүлээж байж болох тухайд өгүүлэхийг хичээе.
Хувраг Омарын бүх л амьдрал үнэнийг худлаас зааглах бараг боломжгүй домог мэт санагдана. Тэрбээр яг хэдийд төрсөн нь тодорхойгүй, ихэнх эх сурвалжид өгүүлснээр бол 1955-1962 оны үед Кандагараас холгүй мэндэлсэн бололтой байдаг.
“Талибан”-ы сайтад байгаа албан ёсны гэх намтраар бол 1960 онд Чех-и-Химиат тосгонд төрсөн аж. Мухаммед Омар нь пуштун үндэстэн, өөрөөр хэлбэл Афганистаны үндэстний олонхийн төлөөлөл юм.
Тэрбээр ядуу гэр бүлээс гаралтай, нөлөө бүхий төрөл садан байхгүй, эцэг нь эрт өөд болжээ. Хөдөөгийн шашны сургуулийн багш, садангийнх нь хүн түүнийг өсгөж хүмүүжүүлсэн байна.
Зөвлөлтийн цэргүүд Афганистанд ороход Мухаммед шашны сургуульд сурч байв. Залуу хүү эргэлзэлгүйгээр можахедуудын отрядад элслээ. Тэрбээр мэргэн бууддаг байв. Дайны явцад Мухаммед дөрвөн ч удаа шархдаж, сүүлчийн удаа шархдахдаа өрөөсөн нүднээсээ салсан байна.
Түүний талаарх домог мэт яриагаар бол бие рүүгээ орсон сумыг өөрөө хутгаар авсан аж. Гэрчүүдийн үгнээс үзвэл, Пакистаны эмч нар түүнд эмнэлгийн тусламж үзүүлсэн гэнэ.
Зөвлөлтийн цэргүүд Афганистанаас гарснаас хойш Нажибуллагийн дэглэм ердөө гурван жил оршин тогтнов. Улс оронд эмх замбараагүй байдал газар авч, можахедуудын бүлэглэлүүд эрх мэдлийн төлөө тэмцэлдэж гарлаа.
Омар Афганистандаа эргэн ирж, өөрийн гэсэн шашны сургууль байгуулав. Домог мэт ярианд өгүүлснээр бол зөнч Мухаммед 1994 оны эхээр түүний зүүдэнд орж “Чиний дэмжлэггүйгээр би хол явахгүй нь. Чи л улс орноо эмх цэгцэнд нь оруулах ёстой. Аллах чамд тусална” гэж хэлжээ.
Ингээд Омар цагаа дэмий өнгөрөөхөө больж, шавь нараа цуглуулан эмх журам тогтоохоор хөдөллөө. Хөдөлгөөнөө “Талибан” гэж нэрлэв. Шашны сургуульд суралцагчдыг пуштун хэлээр ийн нэрлэдэг аж.
Оюутнууд хийгээд Пакистанаас зугтагсад тал талаас орж ирж түүнтэй нийлж байлаа. Омар авлига, эмх замбараагүй байдал, садар самуун явдлын эсрэг дайн зарлав. Ялангуяа эрэгтэй хүүхдэд эмэгтэй хүүхдийн хувцас өмсгөөд эр, эмийн харилцаанд оруулах зорилгоор худалддаг явдал түүний дургүйг ихээр хүргэж байжээ.
Талын нэг тарж бутарсан Афганистанд хээрийн цэргийн дарга нар хүссэнээ хийж, тариачдыг дээрэмдэж, эд хөрөнгийг нь хулгайлж, бага насны охидыг хүчирхийлж, мансууруулах бодис гаргаж авдаг ургамал тариалж байлаа.
“Талибан” хөдөлгөөн шударга ёсны төлөө тэмцэгч гэх нэрийг богино хугацаанд олж, хээрийн цэргийн хамгийн аюултай дарга нарыг ердөө танкны их буунаас дүүжилж, хулгайлагдсан охид, хөвгүүдийг чөлөөлж, гэр оронд нь буцааж өгөв.
Чухам энд л домог, үнэн хоёрыг ялгахад бэрхтэй болж ирсэн байна. Хэт даврагч хөдөлгөөнүүдийн олонхтой нь идэвхтэй хамтарч ажилладаг, бүс нутагтаа хамгийн хүчирхэгийн тоонд ордог Пакистаны тагнуулын байгуулага “Талибан” хөдөлгөөний үндэс суурийг тавилцсан гэж олон шинжээч үздэг юм.
1994 оны арваннэгдүгээр сар гэхэд Кандагар муж талибуудын хяналтад бүрэн орсон байсан төдийгүй нэг жилийн дараа Герат муж ч тэдний мэдэлд шилжиж, 1996 онд Омар удирдагч боллоо.
Авдранд нуусан байсан зөнч Мухаммедийн нөмрөгийг Омар олж мөрөн дээрээ тохож явах болсон гэх яриа ч гарсан байна. Энэ явдал пуштун үндэстний хувьд асар их бэлгэ дэмбэрэл илэрхийлэх болсон нь зөнчийн нөмрөгийг олж өмссөн хүн сүсэгтнүүдийг аварна гэдэгт итгэдэгтэй нь холбоотой байв.
Афганистан улсыг үндэслэгч гэгддэг Ахмад шах Дуррани 250 жилийн өмнө уг нөмрөгийг авдранд нууснаас хойш Омараас өмнө хэн ч түүнд гар хүрээгүй байжээ. Үнэн сүсэгтнүүд удирдагчаа дуу шуугиан болон хүлээж авч байхад шашны 1500 мяндагтны дунд Осама бин Ладен зогсож байсан гэдэг.
Олон удаа ялалт байгуулсан Омар ламын отряд 1996 оны есдүгээр сард Кабулд орж ирэв. Хээрийн цэргийн бусад дарга нарын анги, салбарууд хил рүүгээ шахагдаж, Афганистаны ихэнх газар нутаг дээр лалын улс байгуулагдсанаа зарлаж түүнийг Пакистан, Саудын Араб, Арабын нэгдсэн Эмират улсууд тэр дор нь хүлээн зөвшөөрөв.
Афганистаны нутаг дэвсгэр дээр шариатын хууль үйлчилж, архи, дарс хэрэглэх, энгэр зөрүүлэх тухай ярилцахыг хориглолоо. Афганчууд телевизор үзэж, интернэт рүү орж, компьютер хэрэглэж, хөгжим тоглож, цагаан өнгийн ботинк өмсөж болохоо байв.
“Талибан” хөдөлгөөн цагаан өнгийн далбаатай тул тийм гутал өмсөх нь түүнийг доромжилсон явдал болох аж. Эмэгтэйчүүдийг нүүрээ халхалж, ойрын төрлийн эр хүн дагуулахгүйгээр гадагшаа гарахыг хориглов.
Омар лам өөрөө болохоор нийслэлд бараг үзэгдэхгүй, жилд гурван удаа л энд ирнэ. Тэрбээр олон түмэнд бараагаа харуулахгүй, түүний өмнөөс талибчуудын “Шариатын дуу хоолой” гэх ганц радио л “ярина”. Омарын гаргасан шийдвэр, хэлэх үгийг хөтлөгч Сангар Нмазай л уншиж сонсгоно.
Омартай нүүр тулж уулзсан хүн маш ховор. Тэднийг нэг яруу найрагч Бри Жахани “Аль-Жазира” телевизийн сурвалжлагчтай ярилцахдаа “Талибан” хөдөлгөөн засгийн эрхэнд гарсны дараахан түүний удирдагчтай уулзсанаа ярьсан байдаг.
Түүний ярьснаас үзвэл Омар зочдоо цонхгүй өрөөнд хүлээж авчээ. Тэрбээр “өндөр сайхан эр” байсан бөгөөд хүмүүс түүний яриаг анхааралтай сонсож байсан аж. Жахани тэгэхэд ламаас ер бэргэлгүй шашны хатуу чанд дэглэмд ард түмэн сэтгэл дундуур байгааг шулуухан хэлж орхисон байна.
Тэгэхэд Омар түүнийг эгц харан, яриаг нь сонсож байсан гэнэ. Тэгээд Жаханиг дуугүй болоход Омар босож, түүнийг тэврээд “Аллах чамтай хамт байх болно” гэж хэлчихээд гараад явчихжээ.
“Талибан” хөдөлгөөнөөс олон түмний сонорт хүрсэн Омарын намтраас үзвэл тэрбээр төвийг сахисан үзэл бодолтой хүн байсан бөгөөд Чеченийн хоёр дахь кампанит ажлын үед Орост ариун дайн зарласан хэрнээ Афганистаныг Америктай хийх дайндаа татаж оруулах гэж эрмэлзэхгүй байхыг Осама бин Ладенд анхааруулж байжээ.
Үзэл санааг нь хамгаалдаг хүмүүсийн үгэнд итгэвэл Омар нь шударга амьдрахыг хүсдэг, хошин шогийн ихээхэн мэдрэмжтэй хүн байсан аж. Харин Өрнөдөд түүний дүрийг бий болгохдоо энэ чанарыг нь орхиж, 2001 оны хоёрдугаар сард хэвлэгдсэн тунхаглалыг гол үзүүлэлт болгосон байна.
Энэ тунхаглалыг хэрэгжүүлэхийн тулд Будда бурхны эртний хоёр цээж баримлыг талибууд дэлбэлсэн юм. Энэ үйлдлийг нь дэлхийн ихэнх улс зэрлэг бүдүүлэг явдал гэж үзэж, талибуудыг дэлхийн хамтын нийгэмлэг нэг нүдээрээ үзэхээ больсон билээ.
Осама бин Ладентай үзэл бодол нийцдэггүй байсан ч 2000 оны есдүгээр сарын 11-нд болсон алан хядах ажиллагааны дараа Омар түүнийг баривчилж тушаахаас татгалзав. “Америкчууд ирэг л дээ. Тэд Афганистан руу нэвтэрхийг зоригловол Аллахын тусламжтайгаар устгаж орхино” гэж тэр хэлсэн аж.
Оросын дорно дахин судлаач Георгий Мирский өөрийн бүтээлдээ “Аль-Кайда”-г үндэслэгчдийн нэг, доктор Фадл нэрээр олонд танил болсон египет Сайед Имаш аш-Шарф, 2007 оны арваннэгдүгээр сард бин Ладен, Завахири нарыг хэвлэлээр ширүүн шүүмжилсэн юм.
Фадлын бодлоор бол 2001 оны есдүгээр сарын 11-ний “Манхетан ажиллагаа” гадаадын довтолгооныг өдөөж, “Талибан”-ы бий болгосон лалын улсыг мөхөлд хүргэсэн. Эцэст нь бүх дайндаа Израилийн устгаснаас илүү лалын шашинтны аминд хүрсэн.
Афганистан, Иракт урсгасан цусан дусал бүрийн хариуцлагыг бин Ладен, Завахир хоёр болон түүнийг залгамжлагч хүлээх ёстой. Египетийн шорон, оршуулгын газрууд ариун дайчдаар дүүрч, харин Завахир Египетээс зугтсан. Фадл түүнийг хулчгар, худалч, Суданы тагнуулын байгууллагын ажилтан гэж нэрлэсэн” гэж бичсэн байдаг.
Гэтэл Аллах тусалсангүй, можахедууд сөрөг довтолгоогоо америкчуудын дэмжлэгтэйгээр өрнүүлж, Омар ламтан зугтахаас аргагүй болов. Кандагарт байсан Омарын гэрийг бөмбөгдөж, арван настай хүү, ах хоёрыг нь хороов.
Омарыг газар сайгүй эрж, талибуудын удирдагчийн байгаа газрын тухай мэдээллийг 10 сая ам.доллараар үнэлэхээр Вашингтон зарласан ч Омарын талаар хэн ч мэдээлэл өгсөнгүй. Талибууд нийслэлийг орхиж, тулалдсаар уулархаг нутаг руу ухрав.
Талибуудын Дотоод яамны тэргүүн Вакиль Ахмед Мутавакиль автомат буу аваад өөрийн биеэр ирж Омартай ганцаарчлан уулзахыг Английн Ерөнхий сайд Тони Блэйр, Америкийн Ерөнхийлөгч Буш хоёрт санал болгов.
Талибууд зэвсгээ хаясангүй, эсэргүүцэл үзүүлсээр байлаа. Чухам энэ цаг үеэс Омар лам хий үзэгдэл болж хувирав. 2004 онд тэрбээр Пакистаны сэтгүүлч Мохаммед Шехзадад утсаар сүүлчийн удаа ярилцлага өгөхдөө Афганистанд байгаа америкчуудыг талибууд гахай мэт агнана гэж мэдэгдээд сураг алдарчээ.
Ламтан Омарын нууцлаг амьдрал ийн эхэлжээ. Өөрөө телевизийн дэлгэцнээ ганц ч удаа харагдахгүй, түүний нэрийн өмнөөc олонтаа мэдэгдэл хийж, 2006 онд тэрбээр Абу Мусаба аз-Заркавийн үхлийн талаар тайлбар өгч, америкчуудын эсрэг дайнаа хүчтэй болгохоор 2007 онд амлав.
“Талибан” хөдөлгөөний албан ёсны төлөөлөгч, Омарыг Пакистаны тагнуулын байгууллагын хамгаалалт дор Кветте хотод амьдарч буй гэж мэдэгдсэн Мухаммед Ханиф тэр жил олон улсын эвслийн цэрэгт олзлогдов.
“Ламтан Омар 10 жил гаруйн туршид зөвхөн ойрын хамтран зүтгэгчидтэйгээ л холбоотой байж, байнгын үйл ажиллагаанд оролцохгүй, хаана, юу хийж явааг нь тэр бүр хүн мэдэхгүй байв. 2005 онд “Талибан” хөдөлгөөний зөвлөгөөн дээр түүний тухай ярихдаа амьд байгаа юм шиг л ханддаг байлаа.
Түүний орноос хийж буй мэдэгдлийг янз бүрийн баг бичиж буй нь илт, 1990-ээд онд нийтэлж байснаас нь өөр байв.
Омар ламтны тархинд цус харвасан гэх мэдээлэл хагас жилийн өмнөөс дуулдах болсон төдийгүй түүнийг албан ёсоор эрх мэдлээс нь зайлуулахыг хичээж буй, тиймээс хөдөлгөөний удирдагч нэр хүлээж байгаа ч үйл ажиллагаанд нь оролцдоггүй гэх чимээ ч сонсогдож байсан” гэж Орчин цагийн Афганистаныг судлах төвийн шинжээч Никита Менукович ярьсан нь бий.
Пакистаны тагнуулч байсан, “Талибаны загалмайлсан эцэг” гэгддэг, хурандаа Амир Султан Тарар 2010 оны нэгдүгээр сард Омар амьд, Афганистанд энх амгалан байдал тогтоох үүднээс “Аль-Кайда”-гаас холбоогоо таслахад бэлэн гэж ярив.
Омар зүрхний өвчнөөр амиа алдах шахаад Пакистаны тагнуулын албаны шуурхай ажилтнууд аврав гэж Тагнуулын төв газар 2011 онд мэдэгдлээ. Гэтэл “Талибан”-ы дотоодод хагарал болж Омарыг нас барсны дараа хээрийн цэргийн дарга нар эрх мэдлийг хувааж болзошгүй боллоо гэж Афганистаны Сөрөг тагнуулын газар 2014 онд мэдэгдсэнээ, Омар амьд мэнд бөгөөд Пакистаны нийслэл Карачи хотод нуугдаж байгаа гэх баттай мэдээлэл авлаа хэмээн залруулав.
Нэгэнт тийм болохоор Омарыг үхсэн гэх мэдээлэл ч, түүнд өгсөн няцаалтыг ч үндэслэлтэй гэж үзэхэд түвэгтэй боллоо.
Гэхдээ Пакистаны цэргийн болоод улс төрийн удирдлага, тусгай албадын дээд хүрээлэлд эх сурвалж бүхий “The Express Tribune” сонинд Омар хоёр жил, дөрвөн сарын өмнө сүрьеэ өвчнөөр ууланд нас барсныг Афганистаны талын нутаг дэвсгэр дээр оршуулсан гэх мэдээллийг илүү жинтэй гэж үзэж болохоор байна.
Ийм маягаар Пакистаны тусгай албад өөртөө ирэх цохилтоос зайлсхийж, Омарыг орлох олигтой хүн бэлдээгүйн төлөө хүлээх хариуцлагаас мултрах гэж оролдож байгааг ч үгүйсгэх аргагүй юм.
Омар үнэхээр амиа алдсан бол “Талибан”-д эрх мэдэлтэй болохын төлөөх дайн гарахгүй гэдэгт эргэлзэх юмгүй. Омарын орлогч байсан Бардар лам түүнийг залгамжлах магадлал өндөр байгаа аж.
Омарын бас нэг орлогч байсан Убадулла Пакистаны шоронд амиа алдсан байна. Зарим мэдээллээс үзвэл Катар дахь талибуудын улс төрийн төлөөлөгчийн газрын тэргүүн Сайед Тайеб Ага болон Омарын хүү Ла Якуб нарын дэмжлэгийг Барадар авч амжсан гэх яриа бий.
Талибуудын эрх барьж байхад Афганистаны Нисэх хүчний сайд байсан, хээрийн цэргийн дарга нарын хүнд нэр хүнд сайтай Мансур бас хүчтэй тоглогчийн нэг байж болох аж. Карачи хотод саяхан шашны сургууль дүүргэсэн, Омарын хүү Якубыг талибуудын удирдагчид хэтэрхий залуу, ийм өндөр албанд тохирохгүй гэж үзэж буй ч тэрбээр өөрөө ямар бодолтой байгаа нь тодорхойгүй байна.
Омарын ах Абдул Манан ч энэ албанд өрсөлдөхийг үгүйсгэх аргагүй. Омар төрөл садныхнаасаа хэн нэгийг өөрийн залгамжлагч болгохыг хүсэхгүй гэж мэдэгдэж байснаас үзэхэд талибын удирдагчдын ах дүүгийн хэлхээ холбоо найдвар муутай гэж хэлж болохоор аж.
“Омар үнэхээр нас барсан бол эрх мэдлийн төлөөх тэмцэл эхлэх нь гарцаагүй бөгөөд энэ нь “Талибан” хагарахад хүргэнэ. Үндсэн гурван фракц байдгийн нэг нь “Талибан”-ы хяналтаас гарч “Исламын улс”-ын хараат болохоо зарлаж болзошгүй “Хакканийн сүлжээ” юм.
Тэгэхдээ хагарал зайлшгүй биш, эцсийн эцэст тэд ямар нэг хамтын удирдлагатай болж болох юм” гэж Никита Менукович үзэж байна.
Р.ЖАРГАЛАНТ